Б.ДОЛЖИНЖАВ
COVID-19-ийг илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд Улаанчулуут хогийн цэгт ил задгай байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан МХЕГ болон Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Улаанчулуут хогийн цэг дээр эмнэлгийн аюултай, халдвартай байж болзошгүй хог хаягдалд өчигдөр шалгалт хийсэн. Хог хаягдал дунд олон тооны шинжилгээ авдаг хуруу шил байсан. Хурууны шилэн дээрх тэмдэглэгээ код, дугааруудаар хөөж шалгаж үзэхэд “Элемент медикал” компанид энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр улсын Мал, эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос хүлээлгэн өгсөн 196.3 кг эмнэлгийн хог хаягдал байсан. Тодруулбал, тухайн байгууллагын жолооч хог хаягдлыг арванхоёрдугаар сарын 9-ний өглөө ариутгал хийлгүүлэлгүй ил задгай хаясан байсан. МХЕГ-аас COVID-19-тэй холбоогүй хог хаягдал болохыг тогтоосон. Мөрийн баримтан дээрээс нь харахад 2013-2014 онд говийн аймгуудаар шинжилгээнд ашиглаж байсан сорьц дээжүүд байсан. Дээрх хэрэгт цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Газар дээр нь үзлэг хийж, ажилтнуудаас нь мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тухайн ажилтан нь хог хаягдлыг зохих стандартын дагуу хаяагүй бол хүлээлгэх хариуцлагыг прокурорт хянуулаад шийдэх юм” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn