С.САРУУЛ
Иргэдийн цахилгаан, дулааны суурь хураамжийг тэглэсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрээр “Эрчим хүчний хэрэглээний өсөлт бидний тооцоолсноор 2-3 дахин их гарч байна. Оройн 17.00-21.00 цагийн хооронд аж ахуй нэгжүүд цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах бол айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ бууруулж, цахилгаан хэрэгслээр дулаанаа шийдэхгүй байх шаардлагатай. Нийт эрчим хүчний хэрэглээний 96 хувийг ахуйн хэрэглээ эзэлж буй. Улсын хэмжээнд 730 мянган эрчим хүчний хэрэглэгч бүртгэлтэй. Үүний 98 хувийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах тогтоол гарснаар зүй бус, зохиомол хэрэглээ ихээр гарч байна. Үүнтэй холбоотой журам гарлаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn