Б.НАМУУНТАМИР

 

“Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн, “Асрал” компанийн захирал Х.Алтанцацралттай ярилцлаа

 

-Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс анх удаа дотооддоо бүх нийтийн бэлэн байдлын хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тэгэхээр танай компанийн зүгээс эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд зах зээлээс хямд үнээр хүргэлтийн багцыг гаргасан байна?

- Бид монгол ногооны  багцыг айл өрхүүдийн захиалгаар хүргэж өгч байна. Үүнд хоёр зорилго тавьж ажиллаж байна. Нэгдүгээрт, манай ногоочид зунжин хөдөлмөрлөж ногоо тариалаад, түүнийгээ намрын сэрүүн орохоор хурааж авахад нэлээдгүй хүн хүч дутагдалтай байгаа.

Нөгөө талаас хүнсний ногооны борлуулалтын гол суваг нь Барс зах. Барс зах дээр ногооны наймаа эрхэлдэг хүмүүс нэг цагийн хугацаанд хэрэгцээнээсээ илүү хураагдсан ногоог маш доогуур үнээр худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл тариаланчид ашиг олдоггүй, харин тэднээс хямд үнээр аваад, дамжуулан борлуулдаг хүмүүс ашиг авдаг үзэгдэл бий болжээ. Үйлдвэрлэл хийснээс дамлан худалдаж борлуулсан нь ашиг олдог болчихсон. Борлуулалт ложистикийн асуудлыг төрөөс зохион байгуулах шаардлагатай. Ногоочдод хураасан ногоогоо хураах зоорь хүрэлцээ муутай байдаг зэрэг шалтгаанаас болоод ногоочдын нөр их хөдөлмөр үнэгүйдэж байгаа.Тиймээс бид энэ ногоочиддоо туслах зорилгоор Монгол ногооны бөөний төвийг ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн жил ченжгүй “Монгол ногоо” худалдаа хийж байсан. Үүнийгээ энэ жил ногоочдын хүсэлтээр өргөтгөөд ногоочдын ногоог ямар нэгэн шат дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх зорилго тавьж байгаа.

Хоёр дахь зорилго нь цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой хэрэглэгчиддээ монгол ногоог нь гэрт нь захиалгын дагуу хүргэх ажлыг зохион байгуулаад байна. Мэдээж хэрэг түгээлтийн үйлчилгээн дээр нэлээдгүй бэрхшээлүүд гарсан. Түгээлтийн машины зөвшөөрөлтэй холбоотойгоор их олон янзын шийдвэрүүд гарч байсан нь  хүндрэлүүд байсан. Одоо харин QR зөвшөөрөл гарснаас хойш түгээлт хэвийн болж байна.

-Танай салбарт боловсон хүчин их дутмаг байдаг гэлээ. Ногоон байгууламжийн мэргэжил эрэлттэй 20 мэргэжилд багтсан байна?

-Ялангуяа энэ жил олон мянган тонн төмс талбай дээр хөлдсөн байна. Энэ нь хүн хүч дутмаг байгаатай холбоотой. Цаашид газар тариалан аж ахуйд боловсон хүчний асуудал их дутагдалтай байна. Үүнээс шалтгаалан ногоог тариан талбай дээрээс ялгах, сортлох ажил дээр хүндрэл гардаг. Энэ жилийн хувьд намар орой их бороо орсон учраас сонгино хатаж амжаагүй байсан учраас ялзарч муудах асуудал гарч байна. Төмс ч ялгаагүй муу төмс савлагаанд орсноос болоод муудах шалтгаан цөөнгүй. Энэ бүхэнд хүн хүчний асуудлууд хөндөгдөж байна.

 Жаахан хурааж авсан ногоогоо хот руу оруулж ирээд борлуулахад борлуулалтын суваг байхгүй, гудамж талбайд машиндаа зарж байгаад Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг гэх мэтийн асуудлууд бий.

-Зах зээлийн үнээс хямд болохоор эрэлт их, захиалга ч их ирж байгаа байх. Өдөрт хэдэн захиалга авч байна?

-Монголчуудын хувьд эх орныхоо хөрсөнд ургасан шинэхэн ногоо, жимсийг хэрэглэх сонирхол маш ихтэй болчихсон. Захиалга бидний төсөөлж байгаагүй хэмжээгээр их ирсэн. Хүргэлтийн үйлчилгээг сошиал сувгаар л зар түгээхэд 1000 гаруй захиалга орж ирсэн.

Бид өөрсдийн тарьсан ногоо болон, бусад ногоочдын борлуулах суваггүй ногоочдын ногоог борлуулж байгаа. Сүүлийн үед нэлээн туршлагажаад ногоогоо сортлох, сав баглаа боодлын асуудалд түлхүү анхаарал хандуулж байна. Одоо зах худалдааны төвүүдэд бөөнөөр нь хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Хүнсний ногооны багцыг гаргасан. Тухайлбал төмс 10 кг , лууван гурван кг , сонгино хоёр кг, байцаа гурван кг, манжин хоёр кг нийт 20 мянган төгрөгийн багцыг гаргасан.

Одоо бид 2,3,4 дэх багцуудыг гаргаж байна. Монгол сармис, даршилсан ногоо, хөмүүл, алаг салат  гэх мэт даршилсан ногооны багцыг мөн гаргасан. Цаашид энэ үйлчилгээгээ нэлээд боловсронгуй болгох, хорио цээр тавигдвал бөөний үнээр цэвэр монгол ногооны органик дэлгүүр байгуулахаар төлөвлөж байна.

Эхний гурав хоногт 1000 гаруй захиалга ирээд байсан. Өдөрт 60-80 гаруй айлын захиалгыг хүргэж өгдөг. Нийт дөрвөн машин үйлчилгээнд явж байна. Бид үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх үүднээс нэг кг ногоонд 200 төгрөгийн ашиг олдог бөгөөд үүнээс дээш гаргахгүйг зорьж ажиллаж байгаа.

-Та анх яаж энэ салбарт хөл тавив?

-2005 оноос мод үржүүлгийн аж ахуй байгуулах зорилгоор мод бутны тарьц, суулгац нийлүүлэх эко биржийн үйл ажиллагаа явуулдаг байсан. 2010 онд шувуун фабрикт 15 га газар авсан. Үндсэндээ таван жил мод үржүүлэг, ногооны аж ахуй эрхлэх газраа хөөцөлдсөн. 2005 оноос хүний хоёр га талбайг түрээслэн, 400 мянган модыг хоёр жилийн дотор үржүүлсэн. Хан-Уул дүүрэг 2010 онд эко ногоон дүүрэг болно хэмээн Засаг дарга нь телевизээр ярихыг нь сонсоод 10 мянган улиас бэлэглэсэн. Миний санаачлалыг дэмжээд дараа нь шувуун фабрикт 15 га газар мод үржүүлэх аж ахуйн зорилгоор эзэмшлийн эрх олгосон. 2014 онд анхны өвлийн хүлэмжээ шувуун фабрикт барьсан. Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд халуун орны жимс ногоог тарьж үзье гэж бодоод  200 ам.метр хүлэмжид усан үзэм, гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль зэргийг тарьж байсан. Түүнээсээ урам аваад Монголын нөхцөлд жилийн дөрвөн улиралд хүлэмжийн аж ахуй эрхэлж болдог юм байна гээд урам аваад улам өргөжүүлсэн.

- Монголчууд хэрэглэж буй  жимс ногооны нийт 80 гаруй хувийг урд хөршөөс авчирдаг. Үнийн хувьд  ч Монгол ногооноос хямдхан байдаг?

-Өвлийн хүлэмжийн аж ахуйг агропаркийн хэлбэрээр нэг дор нэлээд олон хүлэмжийг өртөг багатайгаар барьж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг худгаас 10 гаруй хүлэмжийг усална, нэг трансформатораас 20-30 хүлэмжийн цахилгаан гээд  хэмнэлттэй. Зах зээл дээр  өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь чухал. Бидний хэрэглэж буй жимс ногооны нийт 80 гаруй хувийг урд хөршөөс авч ирдэг. Урд хөрш бол тариаланч ард түмэн технологи нь өндөр хөгжчихсөн. Нэгж м2-аас маш их ургац авдаг учраас үнийн хувьд  ч харьцангуй хямд байдаг. Хямд үнэтэй ногоог манайхан оруулж ирж зах зээлд нийлүүлдэг. Харин  бидний хүлэмжид тарьсан хүнсний ногоо маш их өртөг зардалтай байдаг учраас зах зээл дээр өрсөлдөхөд хүндрэлтэй байсан.  Сүүлийн үед хятадаас орж ирж байгаа хүнсний ногоонд маш их хэмжээний химийн бордоотой, гарал үүслийн тодорхойгүй учраас органик дотоодын хөрсөнд ургасан ногоог сонгох нь элбэг болж байна. Бид малын бууц, тахианы сангас гэсэн амьд бордоогоор л бордож байгаа.

-Монголчуудыг импортын бус дотоодын ногоогоор бүрэн хангах нөөц бололцоо бий юу?

-Зүүн өмнөд Ази, ялангуяа БНХАУ маш олон жил ногоо тарьсан байдаг учраас хөрс нь ямар ч шим тэжээлгүй болчихсон. Жимс, ногоо ургах боломжгүй. Тэгэхээр химийн бодисоор бөмбөгдөж байгаа юм. Манайх шиг хөрсөнд суулгаж, услаад, ургуулж байгаа юм биш. Тээвэрлэлт даалгахын тулд дотор нь юм шахаж, гадуур нь ч мөн түрхэц түрхэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар олон төрлийн хорт хавдар, өвчин зовлонгийн шалтгааны 80-аас дээш хувь нь хоол, тэжээлээс болж байна гэдгийг зарласан. Гэтэл манай улс жилд 20 сая гаруй ам.долларын жимс, ногоо импортолж, иддэг.

Цаашид өвлийн хүлэмжийг хөгжүүлбэл бид өөрсдийгөө амт чанар сайтай хүнсээр хангаад зогсохгүй бидний хоёр талд байгаа хоёр их гүрэн байна. НҮБ-ын судалгаагаар  хятад хүн жилд 350 кг ногоо иддэг. Монгол хүн 35 кг ногоо иддэг. Бид 10 дахин бага ногоо хэрэглэдэг. Нийт газар нутгийн бэлчээрийн 70 хувь нь устчихсан нөхцөлд тариа тарих мал аж ахуй эрхлэх тухай ярьж байна. Аж ахуйгаа арай өөр хэлбэрээр бэлчээрийн даацтайгаа уялдуулан байгальд ээлтэй хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар манай улс дэлхийн дулаарлын төв рүү нь явж байгаа улс. Усалгаатай тариалан,хамгаалагдсан хөрстэй хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл ногоочдыг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих хэрэгтэй юм шиг. Харин яг ямар бодлогоор дэмжих нь зүйтэй вэ?

-Ер нь төрийн нэгдсэн бодлого дэмжлэгтэйгээр ногооны аж ахуй хөгжинө. Түүнээс хувиараа зуны хүлэмжтэй ногоочид  ЖДҮХС руу төсөл явуулаад, шалгарлаа гэж бодоход хамаг мөнгө нь барилга байгууламжийн материалд үрэгдээд үр авах мөнгөгүй, урсгал зардлаа нөхөж чадахгүй үлдэж байгаа юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй.

Монголчууд юугаараа дэлхийн зах зээлд өрсөлдөх вэ. Ганцхан жишээ хэлэхэд ямар ч ашигт малтмалгүй жижигхэн улс Голланд технологио хөгжүүлээд дэлхийн үрийн 70-80 хувийг дангаараа хангаж байна. Израиль улс цөлд тариа ногоо тариалаад, дуслын усалгааны системээр өөрсдийгөө хангахын зэрэгцээ экспортлогч орон болсон байна. Тэгэхэд бид өргөн уудам газар нутагтай газар амьдардаг хэрнээ өөрсдийнхөө иддэг хүнсний 70-80 хувийг гаднаас авч байгаа. Засгийн газраас ногооны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болно гээд л байгаа. Ярих нэг өөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг бас нэг өөр. Тэгвэл ногооны аж ахуйгаа яаж дэмжих вэ гэдэг нь чухал асуудал болж байна. Манай том аж ахуйнууд төрийн дэмжлэгээр тоног төхөөрөмж, техникээ зээлээр шийдээд, үрийн будааг зээлээр авч байгаа нь хөгжиж байна. Харин ногооны аж ахуй нь зөвхөн өрхийн хэмжээнд ямар ч бодлого дэмжлэггүй, сайн дурын үндсэн дээр хашаандаа зуны хүлэмж барьсан байдалтай байна. Тэр ногоочин үрээ яаж авах, газар хөрсөө яаж боловсруулах тал дээр эцэггүй хүүхэд шиг байдалтай байгаа нь үнэн.

-Өнөөдөр хамгийн их тулгамдаж буй асуудал нь өвлийн хүлэмж юм байна. Дурын ногоочин 200 гаруй сая төгрөгөөр хүлэмж бариулах боломж тун ховор шүү дээ?

-Энэ асуудлаар тодорхой саналыг төр засагт тавьж байсан. Энэ чиглэлийн аж ахуй хөгжүүлэгчдийн саналыг сонсох хэрэгтэй. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис бондоос ЖДҮ-ийг хөгжүүлье гээд мах сүү ногоо, ноос ноолуурт мөнгөө хуваарилсан. Энэ үед Монголд 17.1 сая ам.доллар өвлийн хүлэмжийг хөгжүүлэх чиглэлээр мөнгө тавигдсан. Тэгвэл одоо энэ мөнгөөр хэдэн хүлэмж баригдав, ямар үр дүн үзүүлэв. Ямар ч үр дүн үзүүлсэнгүй.

Өнөөдөр хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал  төрийн анхаарах нэг номерын асуудал. Жишээлбэл, Хөх хот маш богино хугацаанд хүн амын төвлөрөл өсөхөөр түүнийг хотынх нь захиргаа улсын төсвөөс хотынхоо захад газар гаргаад нэг хашаан дотор 175 хүлэмжийг хоёрхон сарын дотор бариулаад худаг ус, тог цахилгаан, зам, ногоочдын амьдрах байрыг нь шийдсэн. Түүнийгээ ипотекийн зээлээр ногоочдод өгсөн. Энэ зарчмаар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санал тавьж ч байсан. Гэтэл тэр бондын мөнгийг ХХААХҮЯ-ны хажууд 10 гаруй хүнтэй өвлийн хүлэмжийн төслийн нэгж гэж байгуулаад нэг ч ногоо, тэр битгий хэл хүлэмж гэж юу байдгийг мэдэхгүй залуучууд баахан төсөв мөнгөөр оффис түрээсэлж байсан. Тэгэхэд намайг Голомт банкинд төслөө өг гэж байсан. Голомт банкны эдийн засагч нь ногооны тухай юу ч мэдэхгүй нэг өргөст хэмхийн үрнээс таван кг өргөст хэмх авна гэхэд л итгэхгүй байх жишээний.

Тэгээд байгуулагдсан өвлийн хүлэмжийн төслийн нэгж удаа дараа Голланд руу яваад Голландын хамгийн сүүлийн үеийн үнэтэй шилэн хүлэмжийг Монголд нутагшуулна гэж хэд хэдэн удаа Голланд явсан. Энэ нь манай цаг уурын нөхцөлд тохиромжгүй гэдгийг удаа дараа хэлж байсан ч дэлхийн хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэж алхана гэж байсан. Гэтэл одоо байхгүй юу ч хийгээгүй.

-Саяхан сошиалд хийсэн бичлэгтээ та сайжруулсан шахмал түлшнээс болж ургацаа авч чадхгүйд хүрээд байна гэсэн байсан. Энэ талаар?

-Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийн хамрах хүрээ өргөжиж, шувуун фабрикт үйлчилж эхэлснээс шалтгаалан хүлэмжийн ургамлын дулааныг хангаж чадахгүйгээр зогсохгүй бүх ногоо нь хөлдчихсөн. Хамаг хөдөлмөр ганцхан шөнийн дотор үгүй болсон. Уг нь Нийслэлээс хол. Ямар ч дулаан эрчим байхгүй. Өвлийн улиралд гурван л хүлэмж ажиллаж байгаа. Энэ өвөл ургац авахад хүндрэл гарах нөхцөл байдал үүсч байна.  Шахмал нүүрсний илч нарийн ногоонд шаардлагатай дулааныг хангаж чадах эсэх, 1000 мкв үйлдвэрлэлийн байрыг тогтмол +20 градусаас дээш халааж чадахгүй байна. Би сүүлийн зургаан жил өвөл ургац хурааж авч байгаа. Маш олон хүний хөдөлмөр ганцхан шөнийн дотор үгүй болчихсон. Тиймээс төрийн бодлого зохицуулалт зөв менежмент эрс тэс уур амьсгалтай энэ үед зайлшгүй хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.16 ЛХАГВА № 240 (6465)