Ц.МЯГМАРБАЯР

 

Засгийн газраас “COVID-19-ын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг энэ оны дөрөвдүгээр сард батлан хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Гэвч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна гэхээс өөрөөр нарийн зарцуулалтын мэдээлэл алга. Дээрхи хуулийн хүрээнд түр хороо байгуулагдсан. Түр хороо мэдээллээ ил тод тавихгүй байгаад хамаг учир байна. Түүнчлэн Сангийн яамны зээл тусламжийн мэдээллийн сайтаас өөр Засгийн газраас гаргасан нэгдсэн мэдээллийн сан ч алга. Сангийн яамны сайтад зээл, тусламж, хандиваар ирсэн мөнгөний санхүүжилт УОК, Эрүүл мэндийн яам руу олгосон мэдээлэл байгаа ч энэ хоёр байгуулага зарцуулалтын нарийн мэдээлэлээ ил тод мэдээлж, шилэн дансандаа байршуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, Сангийн яам  зээл тусламжийн нэгдсэн мэдээллээ өнгөрсөн гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл  ил тод байршуулаагүй. Түүнчлэн Эрүүл мэндийн яам нийт хандив тусламж болон санхүүгийн дэмжлэг төсвийн дахин хуваарилалтыг ил тод мэдээлэхгүй байсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Ковид ба авлига” хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн төлөөллөөс “Засгийн газар, Сангийн яам зээл, тусламжийн  мөнгийг энэ хоёр байгууллагаар дамжуулж угааж байна” гэсэн ноцтой мэдээлэл ч хэлсэн.

Дэлхийн банкнаас 26,4 сая  ам доллар, Азийн хөгжлийн банкнаас 30,0 сая ам долларын зээлийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”- 4,5 төслийн хүрээнд 20 багц худалдан авах ажиллагаа зохион байгуулж одоо 14 багц зарлагдан гэрээ хийгдсэн ч эрүүл мэндийн байгууллагад түгээсэн тайлан ил тод гаргаагүй байна. Мөн НДШ-ээс зургаан сар хөнгөлөхөд  дангаар нь 47.8 тэрбум төгрөг зарцуулсан гэх ч 15 сая ам.долларыг хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад болох 120 мянга орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлнө гэж хөтөлбөрт тусгасан ч хэрэгжилт нь бүрхэг. Мөн 2.6 сая ам.долларыг  бичил ззээлдэгч нарт хямралын энэ цаг үед зээлийн хүүгийн төлбөрөөс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх гэсэн ч мөн бодитоор хэрэгжсэн эсэх эргэлзээтэй.  Түүнчлэн экспортыг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларыг зохих шалгуур хангасан ажил олгогч болон ажилчдыг ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх зэрэгт зориулна гэжээ. НДЕГ-аас энэ талаар тодруулахад үүнийг нийгмийн даатгалын эх үүсвэрээс гэж худал ярьж байсанг эх сурвалж хэлсэн. Түүнчлэн нефтийн үйлдвэр байгуулах нэг тэрбум долларын зээл Энэтхэгээс ороод ирчихсэн байгаа. Үүнийг мэдээлээгүй. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт нийт 1.9 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Үүнд 852.2 тэрбум төгрөгийг зээлээс санхүүжүүлжээ.

Нэг удаагийн амны хаалтны   1.807.163,100 төгрөгийг хаана хэнд өгсөн нь ил тод бус. Энэ тухай ОБЕГ-ийн хүмүүнлэгийн тусламж хариуцсан мэргэжилтэнээс тодруулхад сонгуулийн үйл ажиллагаанд авсан амны хаалт хэмээн хариулсан боловч одоо хүртэл мэдээлэл байршуулаагүй байгаа ил тод бус төсвийн санхүүжилт, зарцуулалт тайлан гаргаагүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)