Ц.МЯГМАРБАЯР

 

 Хөрөнгийн зах зээл хөгжүүлэгч “Голомт Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Г. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

 

- Цар тахлын үед хөрөнгийн зах зээлээ хөдөлгөөнд оруулах тухай ярьж байна. Манайхан ер нь хөрөнгийн зах зээлд  хэрхэн  оролцож, хандлага хэр байгаа бол?

-Хадгаламжийн хүү түүхэнд байгаагүй доод түвшинд ирлээ. Ирэх оноос нэг оронтой тоонд ч орох нөхцөл бүрдэж байна. Ам.доллараар хадгаламж хийх бүр ч ашиггүй болсон. Ийм нөхцөлд хүмүүс өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэл их сонирхож байна. Гэвч тэр нь дотоодын зах зээлд хангалттай хэмжээнд алга. Үүн дээр л үнэт цаасны компаниуд ажиллах ёстой. Бид ирэх жил банкны баталгаатай бондууд бас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Яагаад хувьцаагаар биш бондоор эхэлж байна вэ гэвэл эрсдэлтэй холбоотой. Хадгаламж хийж хүү хүртэж байсан хүмүүс шууд хувьцаа аваад эрсдэлтэй алхам хийхийг хүсэх нь цөөхөн. Иймээс иргэдийн эхний алхам бонд байх юм. Үүний дараа шат дараатайгаар эрсдэл, ашгийн талаарх мэдлэгээ зузаатгах хэрэгтэй гэж боддог. Ингээд алхам алхмаар хувьцаанд орох нь зүйтэй болов уу. Харин гадаад зах зээлд маш өргөн сонголт байна. Зах зээл нь хангалттай том компаниуд нь хариуцлагатай, зах зээл нь итгэл даахуйц учир монголчууд бид аль болох хурдан гадаадын хөрөнгийн зах зээлд ордог болох учиртай. Ингэж чадвал бид мөнгөө хил хязгаар үл харгалзан, цаг хугацаа үл хамааран, дэлхий даяар байршуулах боломж бүрдэнэ. Манай компани энэ чиглэлд хэд хэдэн ажил эхлүүлсэн. Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Ирэх жил дэлхийн түвшний брокерийн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

- Монголын хөрөнгийн бирж хэр санаачилгатай ажиллаж байгаа бол. Компаниуд нөхцөл байдлаа ойлгож хөрөнгийн зах зээл рүү хөрвөх байдал нь цар тахлын үед  илүү мэдэгдэж байна уу?

- Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны компаниудтай нягт хамтран ажиллаж байгаа. Заримдаа эдгээр зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагууд маань өөрсдийн ажиллах чиг үүргээсээ давсан ажлууд ч хийж байна. Гол нь энэ зах зээлийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, төлөвлөлт тодорхой бус байна. Энэ бүхнийг төр, засаг мэргэжилтнүүдээ сонсож бий болгон батлах учиртай.

-Иргэд  ямар нэг компанид  нөлөө бүхий  хувьцаа эзэмшигч биш  бага хувьцаа эзэмших тохиолдолд хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сул байдаг юм шиг санагддаг. Үүнийг идэвхжүүлэх аргын талаар тодруулахгүй юу?

-Хөрөнгө оруулалтын сан энэ бүхний учрыг олж тунгаадаг газар. 10 мянган хүн тус бүрт нэг сая төгрөгөөр хувьцаа авлаа гэвэл тэдний хүч маш сул. Харин 10 мянган хүний нэг сая төгрөгийг нэгтгээд сан болгоод 10 тэрбум төгрөгөөр компанийн 30-40 хувийг авсан тохиолдолд  хүчтэй том хувьцаа эзэмшигч болдог. Олон улсад ингэж жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний хөрөнгийг өсгөх ажил өрнөдөг. Манайд эхний сан нь саяхан байгуулагдсан.

-Одоо  яг ямар компанийн арилжаанд оролцвол өгөөж өгөхөар байна. Гадны  болон дотоодын?

-Манай “Голомт Капитал” ҮЦК-ийн хувьд дунд ба урт хугацааны хөрөнгө оруулалтыг санал болгодог. Энэ нь багадаа нэг жил, уртдаа таван жил. Хямралын ийм үед чанартай хувьцаанууд бодит үнэ цэнээсээ буурсан байдаг. Иймээс одоо маш сайн судалгаа шинжилгээ хийж эхлэх хэрэгтэй. Ирэх 2-3 жилд өсөх хувьцаануудыг хайж олно гэсэн үг. Гадаадын зах зээлд сонголт маш өргөн бий. Бид одоогоор Хятадын банкууд, дэлхийн томоохон газрын тосны компаниудын болон Хятадын цахилгаан автомашины хувьцаануудыг судлан харилцагчиддаа хүргэж байна. Цахимаар өдөр болгон уулзалт хийж судалгаагаа танилцуулж байгаа.

-Эрсдэлээ хэрхэн тооцох вэ. Хөл хорионы үед  иргэд, компани гэрээсээ арилжаанд оролцох боломжтой энэ үеийг ашиглан өөрт болон компанидаа ашиглах сонирхол их байгаа байх. Та юу гэж зөвлөх вэ?

-Тийм ээ. Бүх арилжаа цахим болсон. Та гэртээ сууж байгаад л дэлхийн бүх томоохон улсын биржүүдэд нэвтрэн дуртай хувьцаандаа кноп дарах төдийд л хувьцаа авч, зарж болно. Гол нь ханшийн эрсдэлээ зөв тооцох нь хамгийн чухал. Ашгийн тухай ярьж л байгаа бол эрсдэл заавал яригдана. Энэ бол зоосны хоёр тал. Энэ талаарх ойлголт, мэдлэгийг түгээхээр бид “GCC” академи байгуулан санхүүгийн боловсрол олгож байна. Манай фэйсбүүк хуудас “Golomt Capital”-ийг дагавал үзэх боломжтой.

-Дижитал эдийн засгийн хөгжлийн өнөөгийн болон ирээдүйн  чиг  хандлага. Монгол дахь боломжийн талаар  байр сууриа илэрхийлнэ үү?

- Бид угаасаа энэ замаар явахаас өөр аргагүй. Харин ч хурдхан хөдлөхгүй бол бүс тасарчих гээд байна. Ялангуяа, төрийн үйлчилгээнүүд. Хувийн хэвшил бол үүнийг аль хэзээний мэдрээд өч төчнөөн ажил хийж байна. Хааяа бодох юм. Бид 30 жил зэс, нүүрс, алт зарлаа. Өөр юм зарж чаддаггүй ээ. Гэтэл цаана чинь Хятад улс ердөө таван жилийн дотор цахилгаан автомашины салбарыг хөгжүүлсэн тэргүүлэгч нэг улс болчихлоо.

Хаяанд нь суугаа бид тэднээс яаж хоцрохгүй байх вэ. Тэр теохнологийг нь бүтээж нэвтрүүлж чадахгүй бол тэр компаниудых нь хувьцааг авъя л даа. Тийм хэцүү гэж үү. Гэртээ сууж байгаад кноп дараад л авчихна. Хятадын цахилгаан автомашины хувьцаанууд энэ жил 30-100 хувиар өссөн байна. Энэ чинь л дижитал хөгжлийн нэг гайхамшиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)