Б.ТАМИР

 

“Аливаа хөгжил дэвшил бүртгэл хэмжилт, дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжил ч ялгаагүй. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Тиймээс бидний хөгжил бусдын адил тодорхой шалгуур үзүүлэлтээр улс орныхоо өнөөгийн байдал, чиг хандлагыг хэмжихээс эхэлнэ.

Гүйлтийн тамирчинд хурдаа хэмждэг секундометр, эрүүл мэндээ хянах хүнд даралтын аппарат, жингээ хасаж эсвэл нэмж байгаа хүнд жинлүүр хэрэгтэй байдаг шиг Монгол Улс хэмээх их айлын хаана онож, юунд илүү анхаарах шаардлагатай байгааг бид судлаад гаргаад ирчихсэн гэж “Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төв”-ийн УЗ-ийн дарга П.Цагаан хэлсэн байдаг. Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн судалгааны гол ажил нь Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан, Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, аймгууд, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг хийдэг юм. Нэмээд олон улсын байгууллагуудын захиалгаар судалгаа хийдэг. П.Цагаан, Ц.Болдбаатар нар үүсгэн байгуулж, хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагуудын санаачилгаар байгуулсан улс төрөөс хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус төв нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалын дагуу Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг байгууллага юм.

Эдийн засгийн өрсөлдөх чадварын төв нь Швейцарьт “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-тэй 2010 оноос эхлэн Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу тал, сул тал болон өсөлтийн талаар судалгаа шинжилгээ хийхэд албан ёсоор хамтран ажиллах болжээ. 2010-2014 оны хооронд 14 улстай харьцуулсан “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргасан. 2015 оноос эхлэн дэлхийн 60 гаруй орны өрсөлдөх чадварыг харьцуулан харуулдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улс орох болсон байна. Энэ тайлан нь дэлхийн улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, засаглалын үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 330 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг юм. Мөн аймгуудын, Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг олон улсын аргачлалаар боловсруулан гаргасаар ирсэн 10 жилийн түүхтэй байгууллага юм.

 

“Дэлхийн 63 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдсэн”

 

“Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн дэд захирал И.Одончимэгт “Аливаа улс оронд өөрсдийнхөө хөгжлийг хэмжих, богино, дунд, урт хугацааны бодлого шийдвэрүүдийнхээ үр дүнг эргэж харах, стратеги, төлөвлөлтөө тодорхойлох, үр дүнг нь гаргах, давуу, сул талуудыг нь дүгнэх шаардлага байдаг. Энэ бүхнийг судлах хэрэгцээ байсан учраас 2010 оноос дэлхий дахинаа өрсөлдөх чадварын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөж, өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлсэн Швейцарийн Луизанн хотод төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв”-тэй хамтран ажиллаж эхэлсэн.

2010 онд Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгайлсан тайланг анх гаргаснаас хойш жил бүр тасралтгүй гаргаж байна. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг 2016 оноос хоёр жил тутамд гаргалаа. Энэ жил гурав дахь судалгаан дээрээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2012 оноос хойш жил бүр Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлсэн. Аливаа судалгаа бодлого шийдвэрийг ахиулахад хамгийн найдвартай хэрэгсэл болж өгдөг. Эдийн засгийн өсөлт өндөр үед ч, удаашралттай үед ч Монгол Улсын өрсөлдөх чадвар бусад улстай харьцуулахад өндөр байж чаддаггүй. Хамгийн сүүлийн судалгаагаар гэхэд Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн 63 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Аливаа улс, аймаг, дүүргүүдэд технологи, инноваци, амьдралын чанар сайжрах, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирэх гээд олон өөрчлөлт гардаг. Гэхдээ тэдгээр нь хүн болгонд хүртээмжтэй байна уу, улс орон болгонд адилхан байна уу, үнэ нь ижил үү, бид дэлхийн хөгжилтэй зэрэгцэж чадаж байна уу гэх мэтчилэн асуултад хариулт олоход манай судалгаа хэрэгцээтэй.

 

“Хүн ам, бизнесийн орчны төвлөрөл ихтэй дүүргүүд тэргүүлж байна”

 

“Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал Б.Лакшми “Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын төв” нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос хойш судалж эхэлсэн. Судалгааг хоёр жил тутамд боловсруулж, дүүргүүдийн өрсөлдөх чадварын мэдээллийн сан үүсгэх, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлахаар ажиллаж байгаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон есөн дүүрэг тус бүр тооцдог. Харин нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг хоёр жилийн өмнө “Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс танилцуулсан нь ямар түвшинд байгаагаа мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Нийслэлд өдгөө Монгол Улсын хүн амын 45 хувь нь амьдарч байгаа. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, суурьшлын бүс өргөжин тэлсээр байгаа хэдий ч хотын амьдралын чанар, амьдрах орчин аюулгүй байдал, засаглалын үзүүлэлт сайнгүй хэвээр байгаа. Тэгвэл ая тухтай амьдрах орчинтой ажиллах нөхцөлтэй, эдийн засгийн өргөн боломж сонголттой хотыг хөгжүүлэхэд “Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төв”-ийн тайлан өндөр үүрэг гүйцэтгэж байгаа” гэлээ.

Эдийн засгийн үзүүлэлтээр эхний байранд жагссан Баянзүрх дүүргийн хувьд хөдөлмөрийн насны хүн ам олонтой, ажиллах хүчний нөөц, оролцооны түвшин өндөр, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл ихтэй, зах зээлийн багтаамж сайн байгаа учраас эдийн засгийн өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ. Харин эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүл мушгисан Багахангай дүүргийн хувьд зах зээлийн багтаамж болон бүтээмж муу, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл багатай, ажиллах хүчний нөөц болон оролцооны түвшин бага байгаа нь сөрөг нөлөө үзүүлж, сүүлийн байранд орох гол шалтгаан нь болжээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээрээ Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг тэргүүлж байгаа бол Багануур, Налайх, Багахангай гэсэн алслагдсан дүүрэг сүүл мушгижээ. Хотжилт илүү сайн амьдралын стандартыг сонгох боломжийг нээж байгаа нь үнэн ч энэ нь хүн бүрт хүртээмжтэй бус байна. Хотжилтийн эерэг нөлөөг илүү хүртээмжтэй байлгах, хотын болон дүүргүүдийн өрсөлдөх чадварыг тогтвортой хөгжүүлэх нь урт хугацаанд анхаарах гол асуудал гэж өрсөлдөх чадварын тайланд дурджээ.

 

“Аймгуудын өрсөлдөх чадварын оноо өсч, өрсөлдөөн ширүүсч байна”

 

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ. Аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн ихтэйгээс бага хүртэл 1-21 хүртэл жагсаан бичсэн байна. Нэгдүгээрт, эрэмбэлэгдэж буй аймаг өрсөлдөх чадвар хамгийн сайн гэсэн үг. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаагаар Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн УЗ-ын дарга, доктор П.Цагаан “Хамгийн сүүлд гаргасан 2019 оны ээлжит тайлангаар аймгуудыг Орхон, Өмнөговь, Дорноговь нийт оноогоороо тэргүүлж байна. Эхний байруудыг эзэлсэн гурван аймаг дотроос өнгөрсөн онд Дорноговь хамгийн их эерэг өөрчлөлт гаргаж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээ 10 оноогоор нэмэгдүүлж чадсан. Ийм оноо авахад бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан төдийгүй түгээлтийн сүлжээ сайжирч, тохижилтын ажлууд нэмэгдсэн байна. Мөн гэмт хэргийн гаралт буурчээ. Үүнээс гадна Монголын ипотекийн корпорацийн мэдээлснээр орон сууцны худалдан авалтаар орон нутагт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-Уул аймагт хамгийн өндөр байна. Эдгээр аймаг өрсөлдөх чадварын оноогоор улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм. Судалгаанаас харахад, аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн улам ширүүсэх болжээ” гэлээ.

Тайланд тухайн жилд тулгамдаж байгаа таван асуудал аймаг болгонд гардаг. Аймаг болгонд гардаг нийтлэг асуудал нь дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, бизнес эрхлэлт, зээлийн хүү өндөр гэсэн асуудал жил болгон давтагддаг гэдгийг тус төвийн мэргэжилтнүүд хэллээ. Энэ удаагийн тайлангаар Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Удаалаад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг багтжээ. Сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймаг оржээ.

Дорноговь аймаг бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирсан байна. Худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтын ажлууд хийсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.7 ДАВАА № 233 (6458)