Б.НАМУУНТАМИР

 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Дэлко Солюшн” нь интернэт худалдаа, түгээлт, логистикийн чиглэлээр ажиллаж байгаа залуусын нэгдэн байгуулсан технологид суурилсан хүргэлт, түгээлтийн компаниийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батжаргалыг урьж ярилцлаа.

 

-Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс анх удаа дотооддоо бүх нийтийн бэлэн байдлын хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тэгэхээр “Дэлко” ухаалаг хүргэлтийн үйлчилгээний платформ анх хэрхэн үүсч байгуулагдсан бэ?

- “Дэлко” ухаалаг хүргэлтийн компани нь интернэт худалдаа, түгээлт, логистикийн чиглэлээр ажиллаж байгаа залуусын нэгдэн байгуулсан технологид суурилсан хүргэлт, түгээлтийн компани юм. Бид ажиллаж буй салбарынхаа хөгжлийн суурь асуудлыг шийдэх, зөв цогц үйлчилгээг гаргаж ирэхэд өөрсдийн хийж чадах зүйлсээрээ оролцъё, нөлөөлъе гэсэн зорилго дор нэгдсэн.

Үүний тулд жил гаруй хугацаанд Монголын интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээг судалж, шаардлагатай туршилтуудыг хийсэн. Дараа нь бизнес загвараа боловсруулан, системээ хөгжүүлж, туршилтын хувилбараа гарган, түүнийгээ туршиж, ахин сайжруулах хэлбэрээр гурван сар орчмын хугацаанд бэлтгэл ажлаа хангасны дүнд өнгөрсөн аравдугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

- Цар тахлын улмаас хүргэлтийн барааг гараас гарт дамжуулахаас дэлхий нийт аль болох зайлсхийж байна. Энэ үед танай компанийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мөн энгийн үеэс орлого мэдээж өссөн байх?

-Тийм ээ, энэ үнэн. Дэлхий нийт тэр чигтээ хүргэлтийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх дээр голчлон анхаарцгааж байна.

Манай компани цар тахлын үед гараас гарт хүргэлтийг бууруулж, технологийн шинэлэг шийдлийг нэвтрүүлэхээр хүргэлтийн ухаалаг боксуудыг Улаанбаатар хот даяар бүсчлэн хувааж байршуулаад байна. Өвчлөл тархах эрсдэлтэй энэ үед хэрэглэгч манай ухаалаг боксуудаас өөрт ойр байгаа ухаалаг боксоор дамжуулан бараагаа хүлээн авах мөн хүргүүлэх боломжтой. Тэр бүрт захиалгын QR кодоо ашиглаад явна. Ингэснээр захиалгын бараагаа авах гээд хүргэлтийн ажилтанг хүлээн гэрээсээ эсвэл ажлаасаа гарч чадахгүй байх эсвэл гэртээ гаднын хүн оруулах боломжгүй байгаа нөхцөлд өөрөө хүссэн үедээ очоод авах, цагаа зохицуулах давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Манайд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компани цөөнгүй бий. Сүүлийн үед өрсөлдөөн ч ихтэй зах зээл болж байна. Танайх тэднээс юугаараа ялгаатай, бас онцлог вэ?

-Бид бусад хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаас дараах таван шинжээрээ ялгарна. Үүнд нэгдүгээрт, хүргэлтийн дэд бүтэц. Энэ нь тодорхой тайлбарлавал, Улаанбаатар хотыг 500 метрээр бүсчилж, тус бүрт нь хүргэлтийн smartbox буюу хүргэлтийн бокс байрлуулж өгсөн. Ингэснээр хүргэлтийн ажилтан А цэгээс Б цэг хүртэл түгжрэлд ихэнх цагаа зарцуулалгүй өртөөт маягаар барааг цагт нь хүргэж өгөх боломжтой болж байна.

Хоёрдугаарт, жолоочийн аппликейшн. Хүргэлтийн бүх шат дамжлага QR кодын тусламжтай явагдах тул хүргэлтийн явцад алдаа гарах, бүтээгдэхүүн замдаа солигдох, дутуу ирэх гэсэн механик алдаанаас бүрэн сэргийлнэ. Мөн хэрэглэгчид бараа хүргэгдэхэд захиалгаа хүлээн авсан эсэхийг хэрэглэгч өөрөө баталгаажуулах тул ямар нэг үл ойлголцол гарахгүй давуу талтай. Энэ нь манай үйлчилгээг улам бүр найдвартай, дотоод мэдээлэл солилцоог хурдтай болгож өгсөн.

Гуравдугаарт, бараагаа хаана явааг хянах систем. Хүргэлтийн үйлчилгээний хамгийн гол асуудал хүргэлтийн ажилтнаас бусад хүн буюу нийлүүлэгч болон худалдан авагчид захиалсан бараа бүтээгдэхүүнээ яг хаана, ямар шатан дээрээ явж буйг мэдэх боломжгүйд байдаг. Бид энэ асуудлыг системээрээ дамжуулан шийдсэн. Манай системийг ашиглаж буй байгууллага, хувь хүмүүс захиалгынхаа барааг хаана явж байгааг онлайнаар хянах буюу хэрэгцээт мэдээллээ хүссэн үедээ авах боломжтой.

Мөн бүсчлэлгүй нэг үнийг хэрэглэгчиддээ санал болгож байгаа. Захиалга нэмэгдэхийн хэрээр хүргэлтийн ажилтан, хүргэлтийн машинаа олон болгох нь ухаалаг шийдэл биш гэдгийг салбарынхан маань өнгөрсөн туршлагуудаас харсан болов уу. Иймээс бид бүсчлэлийн системийг боловсруулсан юм. Манай дэд бүтцийн шийдэл нь нэг талаас түгжрэлд өртөх нөлөөлөл багатай, хүргэлтийг цаг тухайд нь гүйцэтгэх боломжтойгоос гадна хамгийн гол нь зардлыг багасгана. Өөрөөр хэлбэл, бид ойрхон бол үндсэн үнээрээ, хол бол нэмэлт төлбөр төлдөг гэдэг хэвшсэн хандлагыг эвдэж, хотын хаана ч барааг нэг ижил үнээр хүргэдэг. Та хотын хамгийн захын хэсэгт бараа хүргүүлсэн ч бид нэмэлт төлбөр авахгүй, нэг л үнээр үйлчилнэ гэсэн үг.

Тэгээд хүргэлтийн ухаалаг бокс. Энэ нь цар тахлын улмаас хүргэлтийн барааг гараас гарт дамжуулахаас дэлхий нийт аль болох зайлсхийж байна. Өвчлөл тархах эрсдэлтэй энэ үед хэрэглэгч хотын бүсчлэл бүрт байгаа манай ухаалаг боксуудаас өөрт ойр байгаа ухаалаг боксоор дамжуулан бараагаа хүлээн авах мөн хүргүүлэх боломжтой. Тэр бүрт захиалгын QR кодоо ашиглаад явна. Ингэснээр захиалгын бараагаа авах гээд хүргэлтийн ажилтанг хүлээн гэрээсээ эсвэл ажлаасаа гарч чадахгүй байх, эсвэл гэртээ гаднын хүн оруулах боломжгүй байгаа гэх мэт нөхцөлд өөрөө хүссэн үедээ очоод авах, цагаа зохицуулах давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Хамтран ажиллаж буй байгууллагуудаа хэрхэн сонгон авч байна вэ. Мэдээж тодорхой хэмжээний шалгуур бий байх. Мөн одоогийн байдлаар ямар ямар компанитай хамтран ажиллаж, иргэдэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний үйлчилгээг хүргэлтээр үзүүлж байна вэ?

-Бидэнтэй хамтран ажиллах гэсэн бүх л онлайн худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүст манай үйлчилгээ нээлттэй. Бид одоогоор эм, хүнс, өргөн хэрэглээ, ном, электрон бараа, бичиг хэрэг гэсэн онлайн худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна. Хамтран ажиллагч байгууллагуудын заримаас дурдвал Имарт, Имонос, Авлаа онлайн дэлгүүр, Жакс кофе, Кафе бене, Лхамур, Beautysecrets.mn гэсэн харилцагч байгууллага байна.

-Компанийн боловсон хүчний талаар товч танилцуулбал. Энэ хүндрэлтэй цаг үед компаниа тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Саад бэрхшээл?

-Манай баг хамт олон оффисын, программ хангамжийн, үйл ажиллагааны баг гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Цар тахлын улмаас оффисын, программ хангамжийг баг бүрэн онлайн руу шилжсэн. Гэр гэрээсээ үр бүтээмжтэйгээр ажиллаж байна.

Харин үйл ажиллагааны баг маань ариутгал, хамгаалалтын өндөр стандартыг мөрдөн улсаас олгож буй тусгай зөвшөөрлийн дор хүргэлтийн үйл ажиллагаагаа алдагдуулалгүй өглөөнөөс орой болтол ажилласаар байна.

Энэ үед бидний барьж буй гол зарчим харилцагч байгууллага нэг бүрийн барааг цаг тухайд нь хүргэж өгөх дээр төвлөрч байгаа хэдий ч УОК-ын гэнэтийн шийдвэрүүдээс хамааралтайгаар хүргэлт удаашрах, хэрэглэгчийг хүлээлгэх хүндрэлүүд үүссэн. Хэдий хүндрэлүүд бий болж байгаа ч тухай бүрт тохирох шийдвэрүүдийг гаргаж, дасан зохицож ажиллаж байна.

-Танай компанийн цаашдын зорилго, зорилт?

-Одоогоор бид B2C буюу бизнесээс хэрэглэгчийн гарт бараа бүтээгдэхүүн хүргэж ажиллаж байгаа бол 2021 онд С2С буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн гарт бараа бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээг гаргахаар ажиллаж байна. Хүргэлтийн хэрэгцээ гарсан даруйд бидний гаргах вэб сайт болон аппликейшнийг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх боломжтой болох юм. Хүн бүрт л хэн нэгэнд хүргүүлэх зүйлс байдаг.

Өөрөөр хэлбэл, гэрийн түлхүүр, захиа, албан тоот, бэлэг гээд хувийн хэрэглээний зүйлсээ манай вэб сайт руу хэдхэн мэдээлэл оруулаад л хүссэн хүндээ илгээх боломжтой болно. Улмаар 21 аймаг, орон нутагт үйлчилгээгээ нэвтрүүлээд явна. Хүргэлттэй холбоотой бүх асуудлыг шийдэх нь бидний зорилго.

Бид анхнаасаа энэ салбарын хөгжилд шаардлагатай дэд бүтэц, түүнийг дагалдах системүүдэд хөрөнгө оруулж, ирээдүйн хөгжлөө урт хугацаанд харж, төлөвлөж орж ирсэн. Тиймдээ ч ирээдүйд Монголын интернэт худалдааны салбарын хөгжилд тулгамдаад буй хүргэлт, түгээлтийн асуудлыг инноваци, технологийн шинэлэг шийдлээр дамжуулан шийдвэрлэж, хүргэлт түгээлтийн экосистемийг бий болгоно.

-Үүсгэн байгуу-лагдахын өмнө нэлээдгүй судалгаа хийж энэ төрлийн бизнесийг эхэлсэн байх. Мэдээж эрсдэлгүй бизнес гэж үгүй. Таны хувьд эрсдэлээ хэрхэн тооцов?

-Монголчууд бид хүргэлтийн үйлчилгээг хоолны хүргэлттэй нягт холбон ойлгодог болсон нь ямар ч хүргэлт хэдхэн цагийн дотор ирэх ёстой гэдэг нийтлэг ташаа ойлголт байдаг. Мөн цөөн хэрэглэгчтэй зах зээлд интернэт худалдааны бизнес олноор бий болсноор өрсөлдөөн ширүүсэх хандлагатай болж хэн нь илүү хурдан хүргэж өгөх вэ гэдгээрээ өрсөлдөх болсон нь хүргэлтийн үйлчилгээний экосистем бий болоход саад болж байгаа юм.

Байгууллага бүрийн бүтээгдэхүүн харилцан адилгүй. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүнийг шахаж, олон давхарлан тээвэрлэж болохгүй бол эмийг доргиож, сэгсэрч болохгүй гэх мэт. Энэ бүхнийг хүргэлтийн мэргэжлийн байгууллага л стандартын дагуу хийх ёстой. Хөгжлөөрөө биднээс урд алхаж буй орнуудад бизнесийн байгууллагуудын хүргэлт заавал гуравдагч компаниар дамжиж явагддаг. Үүний үр дүнд эргээд хэн хэнээсээ хариуцлага нэхдэг, шаарддаг зохистой тогтолцоо үүсч байгаа юм. Тиймээс бүхнийг өөрсдөө л хийх гэсэн тогтолцооноос онлайн худалдааны платформууд маань татгалзаж байж энэ салбар хөгжих байх.

Онцлон хэлэхэд хурдан л бол сайн гэсэн үг биш. Харин товлосон цагтаа, хэлсэн үгэндээ хүрдэг байх нь л чухал гэдгийг аль аль талдаа ойлгох нь чухал юм.

Монголд хүргэлтийн үйлчилгээний чиглэлийн мэргэшсэн, туршлагатай хэд хэдэн том компани бий л дээ. Харамсалтай нь тэд нүсэр том бүтцээ дагаад шинэчлэл хийхэд хүндрэлтэй, хэрэглэгчийн санал хүсэлтийг шууд шийдвэрлэхэд хугацаа их зарцуулдаг. Цаашид ийм байдлаас сэргийлэхээс гадна, даатгал, эрсдэл гээд олон зүйлийг цогц байдлаар харж, хөгжүүлж явах нь том сорилт болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)