С.САРУУЛ

Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд эргэн  төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг нь сунгах арга хэмжээг 2020.11.01-нээс 2021.07.01-н хүртэл авахаар болсон билээ.Ипотекийн зээлтэй 78 мянган зээлдэгч манай улсад байдаг бөгөөд дээрх шийдвэрийн дагуу найман сарын хугацаанд ипотекийн зээлийн төлөлт хойшлох боломжтой болсон. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хороо энэ сарын 23-нд хуралдаж дөрвөн  шийдвэр гаргасан. Хамгийн эхэнд бодлогын хүүг 2 нэгж хувиар буулгаж 6 болгосон.  Уг шийдвэр нь мөнгөний бодлогыг зөөлрүүлж,  зах зээлд мөнгө гаргах зорилготой юм.  Хүү багассанаараа бодлогын хүүгийн санхүүжилтийн зардал буурна. Монголбанкнаас бодлогын хүүн дээр тодорхой хувь нэмэгдээд банкинд эх үүсвэр болж очих юм. Банк 6.5 хувийн хүүтэй эх үүсвэрийг авч  цааш нь дахин санхүүжилт хийх, шинээр зээл гаргахдаа хүүгийн эх үүсвэрийг ашиглаж болно. Хүүгийн хувь хэмжээ буурна  гэдэг нь нийт санхүүгийн зах зээл дээр байгаа өндөр хүүг доош нь татах юм. Хоёрдугаарт, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар буулгаж 6 хувьд хүргэсэн. Энэ нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр юм.  Өмнө нь банк иргэдээс харилцах хадгаламж татлаа гэхэд  8.5 хувийг заавал Монголбанкинд байршуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулалгүйгээр нөөц хэлбэрээр  хадгалдаг байсан. Харин одоо 400 гаруй тэрбум төгрөгийг суллаж  эдийн засгийн эргэлтэд оруулах, өмнө нь олгогдсон хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлж болно. Мөн шинээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг дэмжих чиглэлээр буюу тухайн банкны бизнес төлөвлөгөө нь ямар зорилтот бүлэгт үйлчилмээр байна тэр чиглэл рүүгээ эх үүсвэрийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна.   Мөн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1  хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь шийдвэр нь өмнөх  тавдугаар сард гарсан байсан шийдвэр бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл  үргэлжлэх байсан бол дахин хугацааг нь сунгасан. Дээрх шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамтыг бууруулна, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжинэ. Хэрэв өрхийн орлогод нь доголдол үүсч,  зээл төлөлтөд нь ачаалал үүсвэл  сунгаж болно. Зээл нь чанарын ангилал доошоо буурахгүй, санхүүгийн сахилга бат, зөрчигдсөн бол зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй учраас ирээдүйд зээл авахад асуудалгүй.  Монголбанкны зүгээс зээлдэгчийн зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авч бодит нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж байхыг арилжааны банкуудад үүрэг өгсөн.Тухайлбал, банкууд  зээлдэгчийг өрийн дарамтад оруулахгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлийг өөрчлөх хугацааг сунгах  нэмэгдүүлсэн хүү торгууль алданги ногдуулахгүй, хүүг нэгтгэж тооцож  дарамт үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах юм.  Зээлийг бизнес, хэрэглээний, ипотекийн гэж гурав хуваадаг. Долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийг хойшлуулж байгаа. Энэ хооронд хүү бодогдохгүй.  Ипотекийн зээлийн санхүүжилтийн  дийлэнх хувийг Монголбанк хариуцдаг.Нэг зээлдэгч  сард  дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Тэгэхээр найман сарын хугацаанд 4 сая 240 мянган төгрөгийн төлбөр төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм. Бизнес болон хэрэглээний зээлийг банкууд хариуцдаг учраас төв банкнаас оролцох боломжгүй. Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндсэн төлбөр  хойшлохоос гадна сарын төлбөр нэмэгдэхгүй. Эцэст нь  жижиг дунд үйлдвэр, уул уурхайн бусад экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилт  хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн”гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn