С.САРУУЛ

2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний 11:00 цаг

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Харин нэг нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ” гэв. 

Монгол Улсад батлагдсан нийт 672 тохиолдлоос одоогоор 342 нь буюу 51 хувь нь эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 323 батлагдсан тохиолдол эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсээс биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байгаа юм.

Нийслэлийн дараах дүүрэг, хороодод халдвар ирээд байна

БЗД-ийн 4, 10 дугаар хороо

СБД-ийн 13, 16, 18  дугаар хороо

БГД-ийн 1, 4, 6, 18 дугаар хороо

СХД-ийн 7, 19 дүгээр хороо

ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо

Багануур дүүргийн 4 дүгээр хороо

ЧД-ийн 19 дүгээр хороо

Эх сурвалж: www.polit.mn