Д.ОЮУНЧИМЭГ

Өмнөх Засгийн газрын үед баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд бухимдсаар байна.  Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг шаардаж байгаа. Түүнчлэн Засгийн газар, Төрийн банкнаас олгож буй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн хохирлыг барагдуулах талаар ярьж байгаа аж. Тус хөтөлбөрт хамрагдсан БЗД-ийн иргэн  Д.Долгорсүрэнтэй ярилцлаа

-Та бүхэн хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зохион байгууллаа. Одоогоор хохирсон хэдэн хүн байна вэ?

-Дарга нарын хувьд одоогоор хохирсон хүн байхгүй гээд байгаа. Гэхдээ хохироход бэлэн болчихсон. Яагаад гэвэл байр нь ашиглалтад орсон хэрнээ, түлхүүрээ авч чадахгүй байгаа юм. Миний хувьд 95 ху­вийн гүйцэтгэлтэй явж байгаа байрандаа цагаан сарын өмнө орох итгэл алга. Төр засаг нь харж үзэхгүй бол тэдний алдаатай шийдвэрийн хор уршгийг иргэд хүртэх болоод байна.

-Хэрвээ Засгийн газ­раас мөнгө гаргахгүй гэвэл барилгын компаниас мөнгөө буцааж авах боломж бий юу?

-Мэдээж буцааж авч болно. Гэхдээ бүтэн жил хадгалуулсан мөнгөө буцааж авахдаа 20 хувийн алданги тооцох болж байгаа юм. Тухайлбал, би 38 ам.метр талбайтай байр захиалан, 58 сая 600 мянган төгрөгөөс найман сая 600 мянгыг нь урьдчилгаанд төлсөн. Тэгэхээр 1.7 сая төгрөгийн алдангийг компанид өгөх болоод байна. Гэтэл хашаа, байшингаа зарж байгаад урьдчилгаа өгсөн хүмүү­сийн тухайд алданги ха­суу­лаад авсан мөнгөөр дахин хашаа байшин байтугай хоосон хашаа ч авах боломжгүй болчихсон. Юмны үнэ яаж өсч байгаа билээ. Энэ хугацаанд 2000 орчим хүний 50 хувь нь түрээсийн байранд сард дунджаар 250-300 мянган төгрөг гэхээр жилд гурван сая төгрөг төлөөд амьдарч байна. Энэ мэтчилэн маш их хохирч байгаа.

-Зургаан хувийн зээл нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй, алдаатай бод­лого болсон тухай ярьж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Хадны завсар хав­чуу­лагд­сан халиуны зулзага хөөрхий гэдэгтэй адил хоёр Засгийн газрын хоо­ронд иргэд хохирч бо­лохгүй. Өмнөх Засгийн алдааг бид үүрэх ёсгүй гэж байна лээ. Харин ч өмнө нь хийж байсан бодлогын алдаатайг нь засаад, үр­гэлж­лүүлээд явах үү­рэгтэй шүү дээ. Анхнаасаа хөтөлбөр гаргаж төр батлаагүй бол иргэд ингэж олноороо хошуурахгүй л байсан. Мөн хөтөлбөрт анх заахдаа 55 ам.метр тал­байтай гэж заасан. Гэтэл энэ нь дунд­жаар 86 сая төгрөг болж байгаа. Харин ч бид дарга нарын амьдардаг байрны “00”-ын өрөө шиг талбайтай байр захиалсан. Тэгээд Засгийн газраас зүгээр мөнгө нэхээгүй. Урт хуга­цаатайгаар хүүг нь бодуулаад эргүүлээд төлж байгаа.

-Жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт хийх тухай ярьж байна. Бас бензин асгаад өөрийгөө шатаах тухай ч яригдаад байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Бид аль болох зөв­шил­цөх хүсэлтэй байгаа. Өнгөрсөн сарын 20-ны өдөр Зас­гийн газрын баруун хаал­ган дээр очиж Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн боловч чадаагүй. Тэнд гурван цаг зогссон. Түүний зөвлөх нь бидний яриаг бичиж аваад орж үзүүлье гэдэг санал тавь­сан. Уг нь Ерөнхий сайдын хувьд иргэдтэй уулзах байх гэж бодсон. Шинэ он гаргаад уулзах байх. Хэрэв дорвитой хариу өгөхгүй бол Засгийн газрыг шүү­хэд өгнө гэж ярилцаж байгаа.

-Засгийн газрын зүгээс ямар тайлбар хэлж байгаа вэ?

-Барилгын компаниас мөнгийг нь бүтнээр эр­гүүлэн олгуулах талаар арга хэмжээ авах тухай хэлсэн. Гэхдээ бид үүнийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл бид тэр бага мөнгөөр одоо хоосон хашаа ч авч чадахаа байчихсан шүү дээ. Мөн өмнөх Засгийн газрын алдаа гэж хэлж байгаад харамсч байна. Бас биднийг хэт ба­самж­лан харьцаж байгаад нь гомдолтой байгаа. Аль болох тайвнаар ярилцан, шийдвэрлэх юмсан л гэж хүсч байна.