Ч.ОЛДОХ
Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар иргэн Б.Мандахтай холбогдож байр суурийг нь тодрууллаа.
-Танай аймагт хөл хориог иргэд хэрхэн мөрдөж, хэрэгжүүлж байна?
-Хойд хил, төмөр замын дагуу газар учраас манай энд нөхцөл байдал хүнд туслаа. Дархан-Уул болон бусад аймагтай харьцуулахад хамгийн олон хүнээс өвчний халдвар илэрсэн. Иймээс аймгийн Онцгой комисс иргэдийг гэрээсээ битгий гар гээд хөл хорио тогтоосон. Тогтоосон дүрэм журмыг нийтээрээ сайн биелүүлж байна, манайх л гэхэд таван ам бүлтэй бүгд гэрээс гарахгүй байгаа. Салхивчаа нээж агаар оруулж гэрээ байнга цэвэрлэж байна. Хөл хорионы өмнө хүнсээ нэлээд базаасан байсан. Ойр зуурын зүйлээ ойрхон хүнсний дэлгүүрээс авсан. Манай энд ер нь байдал хүндрэх нь гээд хүмүүс айсан байна лээ. Зарим өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийг хөл хорио тогтоосон гэсэн. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь ч гэсэн гэрээсээ судалгааны ажил хийж, тоон мэдээгээ авч мэдээлж ажиллаж байгаа гэсэн.
-Өрхийн эдийн засаг хүндэрлээ гэж байна. Танай гэр бүлд хэрхэн мэдрэгдэж байна?
-Би ажилгүй болохоор 2-7 насны гурван хүүхдээ гэртээ хардаг. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, одоо больсон. Аав, ээж маань настай хүмүүс, аав маань унаатай болно гээд тэтгэврийн зээл авсан байснаа бидэнд хэрэг болно гээд хадгалсан гэсэн. Одоогоор хоол хүнсний зүйл олдоцтой байгаа ч цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Төр, засгаас иргэдэд хүсний нэмэлт, мөнгөн тусламж үзүүлэхгүй бол олон ам бүлтэй айл, амьдралын боломжгүй айл өрхүүдэд туслам заавал хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn