Р.ОЮУН

 

Зүүн гурван аймаг явах замд Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө сүндэрлэсэн байдаг. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Л.Болд дэлхийд хосгүйд тооцогдох Тоньюкукийн хөшөөний 1300 жилийн ойг тохиолдуулан сонирхолтой илтгэл тавьсан юм.

Манай улсад эртний Түрэгийн үеийн олон дурсгал байдаг. Түрэгийн үеийн булшийг язгууртны оршуулга, жирийн иргэний булш гэж хоёр төрөлд хуваадаг байна. Түрэгийн үе гэхээр дандаа түрэгүүд байгаагүй. Монгол угсаатан аймгууд ч Түрэгийн хаант улсад харьяалагдаж байсныг эрдэмтэн, судлаачид онцолдог. Түрэгийн үеийн язгууртны оршуулгын нэг нь Мэргэн Тоньюкукын гэрэлт хөшөө юм. Түрэгийн нэг болон хоёрдугаар улсын товч түүх, нүүдэл суудлын тухай Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд өгүүлжээ. Тоньюкук Түрэгийн гурван хааны зөвлөхөөр ажилласан тул түүнийг мэргэн хэмээн цоллох болсон байна. 80 нас хүрсэн түүнийг өндөр настай болсон гэж үзэн, төрийн хэргээс холдуулжээ. Иймд тэрээр гомдлоо илэрхийлэх гэж хөшөө босгуулсан гэж үздэг байна.

Академич Л.Болд “Эртний Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон нэгэн дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын Баянцогт хэмээх уулын баруун хойно байгаа. Гэрэлт хөшөө нь хоёр чулуун дээр нийт найман талд нь 62 мөр бичсэн бичээстэй. Тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукийн намтартай холбогдуулан бичжээ. Мэргэн Тоньюкук (646-732) түрэгийн хамгийн хүчирхэг Ашина овгийн язгууртан бөгөөд төрийн хэрэгт шоронд хоригдож байгаад  Кутулугийн (Элтэрэс) бослогын үеэр суллагдан түүнийг хаан болоход зөвлөх нь болжээ. 693 онд Элтэрэс нас барж түүний хүү Можо хаан ширээ залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин язгууртан нарыг зайлуулахад хамт зайлуулагджээ. Хуучин сурвалжтануудыг Тоньюкук удирдан хуйвалдаан зохион байгуулж Можог зайлуулан Могиляныг Билгэ цолтойгоор хаанд өргөмжлөн хүчээ өргөж явсаар 86 насандаа өөд болжээ. Тоньюкук амьд сэрүүндээ энэ хөшөөг өөрөө босгуулжээ. 

Хөшөөний бичээсийг сийрүүлбэл “Би мэргэн Тоньюкук. Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт Түрэг улс Нанхиадын эрхэнд агсны учир болой. Би Түрэг улсын хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах бөлгөө. Түрэг улс нанхиадаас хагацаж хаантай боловой. Харин тун удалгүй хаан юугаа тэвчиж дахин нахиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь “Би та нарыг хааантай болгоход та нар хаанаа орхин бусдад дагав” хэмээвэй. Тэнгэр эс таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран доройтов.

Түрэг улсын нутагт дахин гэр төр тогтсон нь үгүй. Бусдын эрхэнд ороогүй нь хурж долоон зуу болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган авай. Энэ долоон зуун хүнийг төрүүлэн удирдах хүн нь шад билээ. Тэр над лугаа нийл хэмээв. Түүн лугаа нийлэгсдийн дотор мэргэн Тоньюкук би буй бөлгөө. Би түүнийг хаан болгоюу хэмээн сэтгэн санасан минь холоос туранхай буга, тарган буга хоёрын тарган туранхайг ялгахад бэрх хэмээжихүй. Хожим тэнгэр надад билэг өршөөсөн тул би түүнийг хаан болгов. Миний ойр Байла бага дархан мэргэн Тоньюкук бүхий учир би Элтэрэс хаан болсугай гэж өмнөдөд нанхиад, дорнодод хятан, умардад олон огусыг сөнөөв. Түүний билгийн нөхөр, алдрын нөхөр би авай. Тэр цагт бид Цугуй хожи ба Хар гомд сууж бөлгөө. Би тэнд гөрөөс, туулай идэж суувай. Иргэний хэвлий дүүрэн бөлгөө. Манай дайсан эргэн тойронд махчин шувуу мэт авай. Бидний байдал ийм эл боллоо” хэмээн бичсэн байдаг ажээ.

Энэ хөшөөг босгосноос хойш 1300 дахь жил энэ онд тохиож байгаа аж. Тиймээс ЮНЕСКО-гоос цэцэн Тоньюкукийн дурсгалыг хүндэтгэх, эрдэмтэн, судлаачид хөшөөг нь судлах тогтоол гаргасан талаар академич Л.Болд илтгэлдээ онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)