Ц.МЯГМАРБАЯР
УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Уг төслөөр хуулийн 15 хувьд нь буюу 101 заалтаар үндсэн өөрчлөлтийг оруулахаар болжээ. Нэг том өөрчлөлт нь банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн төвлөрлийг бууруулах, хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор тухайн банкинд оруулах нийт хөрөнгийн хэмжээний дээд хязгаарыг 20 хувиар тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Одоогоор банкны салбарт нийт 35 орчим их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэ хадгаламжийн 90 хувь нь эздийн буюу хувьцаа эзэмшигч банкны хөрөнгө оруулагчдын хөрөнгө байдаг бол бусад 10 хувь нь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө эргэлддэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд 2.5 их наяд орчим төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна. Тэгэхээр банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулахгүйгээр банкны засаглал сайжрахгүй. Ийм байдлаар үргэлжилбэл, нийгэм дэх баян хоосны ялгаа арилахгүй. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой, орлого нь нууц цөөн хэдэн гэр бүл банкны хадгаламж эзэмшиж хадгаламжийн хүүг тогтоодог. Хадгаламжийн хүү өндрөөс болж зээлийн хүү өндөр тогтдог. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр эдийн засаг өсч, иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж, баян хоосны ялгаа арилахгүй.
Өнөөдөр зарим банкны хувьцаа эзэмшигчид олон нийтэд нээлттэй байдаг ч бусад банкных нь тэр бүр ил байдаггүй. Эзэд нь ил байдаг банкны тухайд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эзэмшдэг хувь нь 14.69-25.31, компанийнх нь 14.69-45.55 хувь хүртэл байдаг бол нөгөө нэр бүхий банкных нь 77- 100 хувь нэг хүний эзэмшилд дангаараа байх жишээтэй. Хуулийн өөрчлөлтийн гол агуулга энэ нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг бууруулж хязгаар тогтооход оршиж байна. Одоогийн банкны тухай хуулийн 3.1.2-т зааснаар 20 хувьд нэгдмэл сонирхолтой бүх хувьцаа эзэмшигчид хамрагдаж зохицуулагдана. Эцэг, эх, хамаатан садан, хувьцаа эзэмшиж байгаа компани болон шийдвэр гаргахад нөлөө бүхий албан тушаалтнууд бүгд орно гэсэн үг.
Уг хуулийн хэрэгжих хугацаа нь тусгай зөвшилцөлөөр байгуулсан банкны тухайд бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарсан байх ёстой. Банк өөрөө 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нийтэд нээлттэй компани болох шаардлага хуулиар бий болох юм байна. Энэ нь бусад дагалдах хуулиараа зохицуулагдана гэж Төвбанкны Хууль эрхзүйн газрын захирал Д.Аюуш сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр хэлсэн юм.
Ингэснээр 2023 он гэхэд банкууд олон нийтэд нээлттэй ХК болж системээрээ өөрчлөгдөнө.
Түүнчлэн системийн нөлөө бүхий банкны алдагдлыг зөвхөн активын хэмжээгээр биш бусад үзүүлэлтээр нөлөө бүхий банк гэж үзэх тухай хуульд өөрчлөлт орж байгааг тодотгож байв. Өөрөөр хэлбэл, Банкны салбарын тогтвортой байдлын хуулиар активын таван хувиас дээш хөрөнгөтэй бол сисмемийн нөлөө бүхий банк гэж үздэг. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр зөвхөн актив хөрөнгөөр хэмжихгүйгээр өөрийн хөрөнгө, төлбөр гүйцэтгэх хамрах хүрээ, гадаад төлбөр тооцооны хүрээ, салбар нэгж гэх мэт 4-5 үзүүлэлтээр системийн нөлөө бүхий банк гэж үзнэ хэмээн хуульд тодорхойлжээ.
Энэхүү бүтцийн өөрчлөлт зөвхөн системийн банкинд хамаарах аж. Хуулийн энэ зохицуулалтаар системийн нөлөө бүхий банкуудад давуу байдал үүсэхээс илүүтэй төрийн зохицуулалт бүхий албадлагын шинжтэй арга хэмжээ авагдана гэдгээрээ системийн бус банкуудаас ялгарах юм байна.
Банкны тухай хуульд хамгийн сүүлд 2018 онд өөрчлөлт оруулсан байдаг. Эл өөрчлөлтөөр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчмыг хуулиар баталгаажуулсан байдаг. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр банкны эздийн хувь эзэмшлийн бүтцэд илүү өөрчлөлт оруулж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.29 ПҮРЭВ № 209 (6434)