Ч.ОЛДОХ

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт  иргэд нь мэдээгүй байхад “Мон Ураниум Ресурс” гэгч компани  нүүрсний хайгуул хийж байгаа  нэрээр  өрөм тавьж эхэлжээ. Ураны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компани “Нүүрсний орд ашиглах зөвшөөрөлтэй” хэмээн ирсэнд  иргэд итгэхгүй байгаа аж. Иймд тус сумын иргэд болон уул уурхайн компанийн ажилчдын хооронд үл ойлголцол үүсч суулт, жагсаал үргэлжилж байна.

“Монгол Ураниум Ресурс”   компани  2010 оноос эхлэн ураны салбарт орж ирсэн.  Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд-”Шувуун-Уул”талбайд,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хэрмийн цагаан өндөр” талбайд, түүнчлэн Онгон, Наран, Дарьганга сумдын заагт “Хүйтэн уул  нэрээр Алтан-Овооны ар, Дарьгангын байгалийн цогцолбор  газарт тус, тус  ураны хайгуулын зөвшөөрөл авсныг  манай сонин “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” нийтлэлээрээ хүргэж байв. Тус компани Эрдэнэцагаан сумын нутагт авсан  Хэрмийн цагаан өндөр  талбайн ураны хайгуулын зөвшөөрлөө 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ныг  хүртэл сунгуулсан мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин   өнөөдөр уг газар дахь   MV-21459 тоот  ураны хайгуулын  талбайд    2019 оны есдүгээр сарын 9-нөөс  2049 оны мөн өдөр хүртэл   30 жилийн хугацаагаар нүүрс  ашиглах зөвшөөрөл олгосныг  нутгийн иргэд   мэдээгүй. Лиценз олгох асуудлаар сум, багийн иргэдийн хурлаар хэлэлцүүлээгүй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.27 МЯГМАР № 207 (6432)