Ц.МЯГМАРБАЯР
АН засаглах үед эрдэс болох зэс, алтны үнэ унаж, МАН засаглах үед өсдөг гэдэг хошин үг биелэлээ олж байх шиг. 2020 оныг зэсийн жил байна хэмээн олон улсын шинжээчид онцолж байсан. Энэ нь БНХАУ ирэх таван жилд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт анхаарах төлөвтэй байгаа нь эрэлтийг үүсгэж үнэ өсөхөд нөлөөлнө гэж таамаглаж байсан нь биелэлээ олжээ. Өөрөөр хэлбэл Хятадын зэсний хэрэглээг хангадаг гол уурхай тэр дундаа Конго улс дахь “Мутанда” уурхай хаагдсантай холбоотойгоор Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ 2020 онд 6450 доллар/тн болж өснө гэсэн нь таамаг нь давж өнөөдрийн байдлаар зэсийн үнэ гуравдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч Лондоны Металлын биржид тонн нь 7000 ам.доллар хүрсэн байна. Цаашид нийлүүлэлтээс давсан эрэлтийн хэрэгцээ өмнөд хөршид ирэх онуудад үүсэхээр байгаа нь ийнхүү зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн судлаачид үзэж байна.
Энэ оны есөн сарын байдлаар манай зэсийн баяжмалаас орж ирэх орлого 254.7 сая ам.доллараар буурсан хэдий ч оны сүүлчээс эхлэн ирэх онд үргэлжлэн өсөх хандлагатай байна.
Энэ оны есөн сарын байдлаар нийт гадаад худалдааны экспортоос 5.1 тэрбум ам. доллар орж ирсэний 70 хувь нь буюу 3.6 тэрбум “ногоон” нь эрдэс түүхий эдийн бүтээгдэхүүн тэр дундаа зэсийн баяжмал, нүүрсний орлого эзэлж байна. Ковидтой холбоотойгоор өмнөх онуудаас 1.3 тэрбум ам. доллараар орлого буураад байна. Харин зэсийн үнэ өсч байгаа энэ үед тасарсан орлогыг үлдсэн хугацаанд нөхөх боломж байгааг Лондонгийн металлийн биржийн эх сурвалжаар АМГТГ-ын гаргасан тоон мэдээллээс харж болохоор байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 5.048 ам.доллар байсан зэсийн үнэ, есдүгээр сард 6.712 ам.долларт хүрч өссөн бол энэ сарын 25-ны байдлаар 7000 ам.долларт хүрээд байна. Бүр тодруулбал, энэ сарын эхээр 6.614 ам.доллар, сарын дунд үед 6.769 болж 22-ны өдөр 6.953 ам.долларт хүрч өсөөд байна. Үнэ нэмэгдэх тутамд манайд орж ирэх мөнгө өдрөөс өдөрт өсч байгаа нь тодорхой.
Ирэх онд зэсийн үнэ 6500 ам.доллар буюу өмнөх онуудаас 19 хувиар их байх төлөвтэй байгаа. Тиймээс 2021 онд уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зэсийн үнийн өсөлттэй уялдуулан төсөөлсөн. Нөгөөтэйгүүр, олон оронд “коронавирус”-ийн халдвар газар авч, агуулахын нөөцүүд нэмэгдэж, ирэх онд зэсийн илүүдэл үүсэх төлөвтэй байгаа юм. Хэдий тийм боловч жилд 24 сая тонн зэс хэрэглэдэг БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Зэсийн нийлүүлэлт саатах эрсдэл бий болсноор фьючерс үнэ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд ойртлоо.
Монгол Улсын тухайд зэсээ дэлхийн зах зээл дэх ханшаар борлуулдаг тул ханшийн савалгаанд өртөмтгий байдаг. Тэр утгаараа төсвөө боловсруулахдаа ОУВС-гийн прогнозыг хардаг. Энэ дагуу 2020 оны төсөвт зэсийн ханшийг дунджаар 5991ам.доллараар 1.2 их наяд төгрөг төсөвт орж ирэхээр тооцсон бол ирэх оныхыг 6195 ам.доллар байхаар төсөөлсөн. Тиймээс ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлт зэсийн экспортоос шалтгаалсан бууралт бага, харин ч өсөлт харагдаж байна. Зэсийн өсөлтөд суурилсан алдагдалтай төсвөө үнийн зөрүүгээс орж ирэх мөнгөөр нөхөх гарц бий бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.27 МЯГМАР № 207 (6432)