Б.ГАРЬД
ОХУ-ын мэдэлд байсан “Монголросцветмет”-ийн 49 хувийг Монголын төр 2019 оноос албан ёсоор төрд шилжүүлэн авсан.
Ингээд ТӨҮГ-ын статустай болгож дүрмийг нь Засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байдаг.
Ингэхдээ үйл ажиллагааных нь чиглэлийг Хайлуур жонш, алт болон бусад ашигт малтмал олборлох, баяжуулах, борлуулах, баяжмал болон бусад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлдвэрлэсэн баяжмалыг металлургийн аргаар боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил, явуулах ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар эзэмшихэд бэлтгэх, ашиглах, Барилгын зураг төслийн ажил хийх, барилга байгууламж угсралт, монтаж, тохируулгын ажил гүйцэтгэх, гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай материал, техник төхөөрөмж, импортлох, дотоод, гадаадын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулж, гэрээний нөхцлийн дагуу тэдэнд зөвлөх болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлэх болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад чиг үүргийг хэрэгжүүлж болно гэж зааж өгсөн.
Мөн “Монгол-росцветмет” ТӨҮГ нь лиценз шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхлэх ёстой гэж заасан байна.
Ингээд “Монгол-росцветмет” шинэ дүрмээр, шинэ статусаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Гэвч эхний жилдээ буюу 2019 онд “Монголросцветмет”-ийн борлуулалтын төлөвлөгөө тасарчээ. Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг нэр төрлөөр нь авч үзвэл хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт 52.1, төмрийн баяжмалын бүтээгдэхүүний борлуулалт 8.8, төмрийн хүдрийн борлуулалт 17.8, алтны олборлолт 89.3 хувиар тасарсан байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөгөөтэй харьцуулахад жоншны баяжмал 54.8 хувь тасарчээ. Харин төмрийн нойтон баяжмал 31.3, хувиар төмрийн хуурай баяжмал 15.7 хувиар давж биелсэн байна.
Энэ нь “Монгол-росцветмет” ТӨҮГ-ын ТУЗ-ийн 2019 оны 01 тоот тогтоол, тус үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбатын ТӨБЗГ-тай байгуулсан 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө биелээгүй гэсэн үг. Гэхдээ энэ гэрээ сэлт жижиг асуудал.
Хамгийн гол нь ТӨҮГ болонгуут борлуулалтын орлого нь тасраад байдаг нь анхаарал татаж байгаа юм.
Ухаж үзвэл “Монгол-росцветмет” ТӨҮГ-ын 2019 оны борлуулалтын орлого 13.3 тэрбум төгрөгөөр тасарсан.
Энэ нь өөрсдийнх нь тайлбараар ФФ-95 флотацын баяжмалын гол худалдан авагч болох ОХУ-ын “Галополимер” компанитай 2019 оны гэрээ хийгээгүй гэсэн албан ёсны тайлбар байна. Тиймээс ФФ-95 баяжмалын борлуулалтын орлого 14.4 тэрбум төгрөгөөр тасарч 57.3 хувийн гүйцэтгэлтэй болжээ.
Мөн бүхэллэг жонш ФК-75 нь ФФ-95 маркийн флотацын баяжмалын үйлдвэрлэлийн технологийн явцад үйлдвэрлэгддэг тул мөн дээрх хүчин зүйлсээс хамаарч борлуулалтын орлого 1.9 тэрбум төгрөгөөр тасарч 11.6 хувийн биелэлттэй болсон байна.
Алтны борлуулалтын орлогын төлөвлөгөө нь 8.6 сая төгрөгөөр тасарсан. Алт олборлолтын үйл ажиллагааг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нийт долоон сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ч 2019 оны есдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 23-ны хооронд ердөө хоёр сар ажилласан. Энэ нь худалдан авах ажиллагаа төлөвлөсөн хугацаанаас хоцорсноос тоног төхөөрөмж, сэлбэг, материалын хангалт хугацаандаа хийгдээгүй, байгаа уулын техник тоног төхөөрөмж хуучирсан насжилт ихтэй, сэргээн засварлах ажлын гүйцэтгэл их байсан зэргээс болсон.
Ингээд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат болон бусад удирдлага борлуулалтын төлөвлөгөө тасарсанд буруугүй. Дандаа “гаднын нөлөө”-тэй болж таарав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)