Ш.ПҮРЭВСҮРЭН

Ялтад ярьж тохиролцсон их гүрнүүдийн шахалтанд орсон Чан Кай Ши 1945 оны 8 сарын 14-нд ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурж, гэрээ байгуулав. Уг гэрээнд “Хэрэв Монголын ард иргэд сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Гэрээний дагуу "Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улс манайд илгээж байжээ. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс тогтоол гаргаж, ард түмний саналыг 10 сарын 20-ны өдөр гаргуулахаар заасан байдаг.

Ийнхүү БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу саналын хуудсан дээр “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зурж, хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дарж санал хураах ажил явагджээ.

Санал хураалтын төв комиссыг Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдэд танилцуулсаны дараа санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч,бэлтгэл ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан гэдэг.

Санал асуулгын нэрсийн жагсаалтад насанд хүрсэн 494074 хүн бүртгэгдэж байжээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалгаатай байдаг.

Санал хураалтанд “будлиан” орно гэж хардан Хятадын засгийн газраас төлөөлөгчид ирж ажиглалт хийсэн байна. Тэр үед иргэдийн тал хувь нь бичиг үсэгг тайлагдаагүй байсан учир санал хураалтыг баруун гарын эрхий хурууны хээгээрээ баталгаажуулжээ. Гарын үсэг зурагчдын дийлэнх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байдаг.

Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны 11 сарын 10-нд батлан хэвлэлд нийтэлж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, маршал Х.Чойбалсанд нот бичиг ирүүлж байжээ.

БНХУ нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшөөрч харилцан туслалцах тухай гэрээ байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын элчин сайдын яам болгон өөрчилсөн түүхтэй. Үүний дараахан Маршал Х.Чойбалсан Ю.Цэдэнбал нарыг Москвад айлчлахад Сталин анх удаа манай удирдагчдыг төрийн тэргүүний ёсоор хүлээн авч байжээ. БНХУ-ын Гоминдааны засгийн газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 сарын 13-нд тогтоосон байдаг. Гэвч 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ –ын Засгийн газар БНХУ-ын засгийг газартай дипломат харилцаагаа тасалж мөн өдөр БНХАУ-ын Ардын Төв Засгийн газартай дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулж байжээ. 1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлсэн юм. Ингэж хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, Ази, Европ, Африкийн олон улс дипломат харилцаа тогтоон хамтран ажиллаж, БНМАУ-ын олон улсын нэр хүнд эрс өссөн түүхтэй.

Санал хураалтад зориулсан ухуулгын зурагт хуудаст “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь бие санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны тусгаар тогтнолыг батална” хэмээн бичиж, дэвсгэрт нь Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ түүхэн баримт өдгөө Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдсан байгаа.

Санал хураалтын үеэр баг бүрт мэдээ зөөж дамжуулах түр өртөө байгуулж, мэдээг тусгай богцонд хийж ганзагалаад 5-10 км хооронд мориор өртөөлөн давхиж хүргэж байжээ. Мөн багаас сумын төв рүү дээрх аргаар мэдээ хүргүүлэх морин өртөөний цэгүүдийг түр байгуулсан байна. Харин сумын төвөөс автомашинаар аймаг руу мэдээ хүргэсэн ба машин хүрэлцэхгүй байсан тул нийслэлээс суудлын болон ачааны машинуудыг нэг өдрийн хугацаатай дайчилжээ. Мөн энэ дашрамд сонирхуулахад тэр үед Ховд аймагт оршин сууж байсан гадаадын харьяат 347 хүн саналаа өгч өвөр монгол, хятад, орос хүмүүс санал хураалтад оролцсоноос 29 хүн монгол бичгээр, гурван хятад хүн хувийн тамгаа дарж байж. Булган аймагт ял эдэлж байсан 52 хоригдол саналаа өгсөнөөс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад нь тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зуржээ. Санал хураахтай холбогдсон ухуулга таниулгын олон материал хуудсыг хэвлүүлж орон нутагт түгээн тарааж, санал өгсөн мэдээг шалган дүгнэхэд баг, сум, аймгийн төв дээр байсан нягтлан бодогч нарыг сампинтай нь дайчлан мэдээг дахин дахин шалгуулж байжээ.

Мөн 1946 оны 1-р сарын 6-нд Гоминдан Хятадын удирдагч Чан Кай Ши Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хүлээн авсаныхаа дараа Цэдэнбал дарга нултмс асгаруулж байсан тухай дурсамж буй.

 

Эх сурвалж:Удахгүй хэвлэгдэх "Бал дарга бидний амьдралд" номноос