Б.СОЛОНГО
Шатахууны үнэ нэмэгдлээ. АИ92, А80, дизель түлш тус бүр 50 төгрөгөөр нэмэгдэв. Өнгөрөгч амралтын өдрүүдээр зарим компани нэмэгдсэн үнээр шатахуунаа борлуулж байсан бол өчигдрөөс бүх станц үнийн самбартаа өөрчлөлт орууллаа. Энэ удаад импортлогчид дур мэдэж үнээ нэмээгүй гэнэ. “Роснефть”-оос манайд нийлүүлдэг шатахууны үнэ тонн тутамдаа нэмэгдэж ирсээр байгаа тул жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр өсөхөөс аргагүйд хүрлээ гэж холбогдох албаныхан дуу нэгтэй хэлж байна. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сараас хойш А80 бензин тонн тутамдаа 72 ам.доллар, АИ92 44 ам.доллар, дизель түлш 32 ам.доллараар нэмэгдэж иржээ. Тэгэхээр алдагдлаа бууруулахын тулд жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүй болсон гэв. Энэ нэмэгдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгаад асуудалгүй гэж үзжээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монголбанк Засгийн газартай хамтран гол нэрийн барааны үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, нефть импорлогчдод 83 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаад байгаа. Хэрэв ийм зохицуулалт хийгээгүй бол шатахууны үнэ 50 биш 210 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэв. Харин иргэд 50 төгрөгийн нэмэгдлийг тайван хүлээж авлаа. Цаашдаа “Роснефть”-ийн үнэ дахиад нэмэгдсэн гэдэг шалтгаанаар бага багаар ингэж нэмээд байх юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд байгааг хэлэх хэрэгтэй байх. Шатахууны үнэ ингэж нэмэгдсэнээр АИ92 шатахуун 1620 төгрөг, А80 1530, дизель түлш 1750 төгрөгийн үнэтэй боллоо. “Роснефть” компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ яагаад сар тутам нэмэгдэж орж ирээд байгаа талаар Уул уурхайн сайд Оросын талаас суваг бүрээр тодруулж байгаа гэж байсан. Хэрэв дараа дараагийн саруудад үнэ нь бууж, зөрүү нь арилвал энэхүү 50 төгрөгийн нэмэгдэл буцаад алга болох учиртайг О.Магнай дарга сануулаад авлаа. Нэмэгдчихээд буцаад буудаггүй жишиг өнөөдрөөс эхлэн арилна гэж хатуухан мэдэгдсэн юм.
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭД 30 ТӨГРӨГӨӨС ИЛҮҮ НӨЛӨӨЛӨХГҮЙ
Иргэд яагаад шатахууны үнэ нэмэгдэхэд бухимддаг вэ. Машиндаа хийдэг шатахууны литр тутмын үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэнд гол учир нь байдаггүй байх. Хамгийн гол нь үүгээр далимдуулж, бусдынх нь үнэ нэмэгддэгт бухимддаг юм. Хамгийн эхний жишээ бол таксины үйлчилгээ. Өчигдрөөс хувийн зарим такси 800 төгрөгөөр явна гээд хөдлөхгүй байна гэнэ. Өвлийн хүйтэнд замын хажуугаар унаа олдохгүй эгнээд зогсч байгаа явган зорчигч жолоочийн хэлсэн үнээр суухаас аргагүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар О.Магнай даргаас сэтгүүлч асуухад хувийн такси, албан такси гэдэг ойлголтыг цаашид цэгцэлнэ гэдгээ хэллээ. Өөрөөр хэлбэл, удахгүй хувийн такси гэдэг ойлголт байхгүй болж такси үйлчилгээ европ стандартад шилжих юм байна. Харин бусад өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн дээд тал нь 30 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй гэлээ. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнэ шатахууны 50 төгрөгийн нэмэгдлээс болж ердөө дөрвөн мөнгөөр нэмэгдэж болно. Харин нэг килограмм махны үнэ 50 хүртэл төгрөгөөр өсч болно. Үүнээс илүүгээр нэмэгдэх үндэслэлгүй. Гурилын үнэ бол бүр хөдлөх ёсгүй. Учир нь гурил үйлдвэрлэгчид Засгийн газартай гэрээ хийж, хөнгөлөлттэй зээл авч байгаа. Тэд нэг килограмм гурилын үнийг 650 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэрээтэй. Эцсийн дүнд худалдаа, наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нар энэхүү 50 төгрөгийн нэмэгдлийг далимдуулахгүй гэдэгт итгэж байгаагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга дамжуулав.