Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн аравдугаар сарын 06-ныг дэлхий Хүрээлэн буй орчны олон улсын баярыг тэмдэглэн хүн төрөлхтний анхаарлыг дэлхийн фауныг хамгаалах асуудалд чиглүүлж байна. Энэ баярыг Европын байгаль орчныг хамгаалах Берний 1979 оны бага хурлын хүрээнд үүсгэн бий болгожээ. Сүүлийн арван есөн зууны дотор дэлхийд хөхтөн амьтдын 150 төрөл, жигүүртний 139 төрөл  мөхсөн байна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1889.10.06. Парис хотын Монмартрагийн бэлд 1889 оны аравдугаар сарын 6-нд  шөнийн кабаре "Moulin Rouge" буюу "Улаан тээрэм" анхны үзэгчдэдээ хүрчээ. Парист дэлхийн үзэсгэлэн нээгдсэнтэй холбоотойгоор түүнийг нээсэн байна. Жозеф Оллер өөрийн хамтрагч Шарль Зидлертай нийлэн кабарег нээсэн аж. Чимэглэгч Леон-Адольф Вилеттын бүтээсэн улаан тээрмээс болж түүнийг Мулен Руж гэсэн нь ойр хавийнх нь эмсийн хүрээлэнгийн улаан дэнлүүтэй адилтган үзэгчдийг дуудах нэг хэрэгсэл болсон байна. Энэ каберед дунд ангийнхнаас гадна язгууртнууд, урлагийн төлөөлөгчид цуглардаг болсон ба өнөөдөр энэхүү алдартай кабаре нь Францын нийслэлийн бэлгэдлүүдийн нэг болжээ.

1927.10.06. Америкийн “Уорнер Бразерс” компанийн “Жаазын дуучин” нэртэй анхны дуутай  киноны нээлт болжээ. Кино дуу орж эхэлснээр бие, нүүрний хөдөлгөөнөөр бүгдийг илэрхийлдэг байсан хуучны арга барил хоцрогдож эхэлжээ. Зарим алдартай найруулагч, жүжигчид тухайлбал Чарли Чаплин кинонд дуу оруулахын эсрэг тэмцэж байсан ч 1930-аад он гэхэд бараг ихэнх кино дуутай болсон байна.

1948.10.06. Ашхабад хотыг газрын хөрснөөс арчсан 10 баллын хүчтэй газар хөдлөлт Туркмен ССР-т болсон байна. Газрын хүчтэй түлхэлт, түүнийг дагалдсан хүнгэнэсэн дуу чимээ, асар их хүчний босоо түлхэлт нь гүн  нойронд байсан хотыг сүйрүүлжээ. Хэдэн мянган хүмүүс, үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилчид барилга байшингийн нурангид дарагдан амиа алджээ. Үүний улмаас  Туркмений нийслэлийн хүн амын 25-30 мянга нь амь үрэгдсэн гэдэг байв.  Хожим хийгдсэн архивын судалгаагаар 160 мянган хүн амиа алдсан гэж үзсэн байна. ЮНЕСКО-гийн жагсаалтаар  аравдугаар сарын 6-ны шөнийн эмгэнэлийг ХХ зууны хамгийн том сүйрлийн гамшиг гэж үзжээ.

Эх сурвалж: www.zms.mn