Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлдэг. Энэ өдрийг сонгохдоо дэлхийн хойд хэсгийн сурагчдын амралт ба өмнөд хэсгийн зуны амралттай ойролцоо хугацаанд байхаар төлөвлөсөн байна. Сүүлийн жилүүдэд төсвийн ажилтнуудын цалин хөлс бага байгаа, хөдөлмөрийн нөхцөл муу, олон тооны багш нар тэтгэвэртээ гарсан мөн мэдрэлийн ядаргаа ба олон оронд ДОХ/ХДХВ халдвараар багш нар олноор үрэгдсэн гэх зэргийн нөхцөлөөс болон багш нарын тоо эрс буурчээ. Зарим нэг дүгнэлтээр дэлхийд бага сургуулийн багш нар гэхэд 35 сая хүн шинээр шаардлагатай болж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1713.10.05. Дени Дидро, 1713 оны аравдугаар сарын 5-нд Шампань-Арденны Лангре хотод төрөөд 1784 оны долдугаар сарын 31-нд Парис хотноо таалал төгсчээ. Францын гүн ухаантан, жүжгийн зохиолч, тэрээр мэдлэгийн бүх салбарын анхны Европ нэвтэрхий толийг бүтээжээ. Мөн Дени Дидро нь Францын агуу хувьсгалын үзэл сурталч нарын нэг байлаа. Тэрээр 1773 онд Орост ирэн II Екатерина хатан хаанд шинэчлэл хийх санаа тавьж байв. Хатан хаан түүний номын санг худалдан аваад номын сангийн эхлэгчээр томилон 50 жилийн цалинг нь олгосон юм. Тэр мөнгө нь гүн ухаантны цорын ганц охины хуримын инжинд хэрэглэгджээ.
1942.10.05. Монгол Улсын их сургуулийн нээлтийн хурал Улаанбаатар хот дахь Лениний нэрэмжит клубт 1942 оны энэ өдөр болсон байна. МУИС эх сургууль 1942-1943 оны анхны хичээлийн жилдээ багш, зоотехник, хүн эмнэлэг гэсэн гурван танхимд 93, бэлтгэл ангидаа 57 нийт 150 оюутантайгаар хичээллэжээ.
1948.10.05. Өнөөгөөс 69 жилийн өмнө буюу энэ өдөр Олон улсын байгаль хамгаалах холбоо байгуулагджээ. Түүний төв байр нь Швейцарийн Гланде хотноо байхаар шийдэгдсэн ба энэ арилжааны бус байгууллага нь байгаль орчныг хамгаалах талаар олон төрлийн арга хэмжээ ажил явуулдаг. Жишээлбэл, Улаан ном бүтээх санааг энэ байгууллага гаргаж байлаа. Одоо тус байгууллага нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн ажиглагчийн статустай нийт 82 орныг нэгтгэдэг ба 181 оны 10 мянгаад эрдэмтэд зөвлөхөөр нь ажилладаг.
Эх сурвалж www.zms.mn