Б.НАМУУНТАМИР
Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын газар дээрх шалгалт өнөөдрөөс /10.01/ эхэлжээ.
ФАТФ–ын шалгалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нарын албаны хүмүүс оролцож байна.
Энэ удаагийн шалгалт нь эцсийн шийдвэрийг гаргахад нөлөөлөх хамгийн сүүлчийн газар дээрх шалгалт юм. ФАТФ Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзэн, Исланд, Зимбабве улсын хамтаар 2019 оны аравдугаар сарын 15-нд саарал жагсаалтад багтаасан юм. Ингэхдээ дараах ажлыг хийх даалгавар өгсөн байдаг.
Нэгдүгээрт, банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байгааг сайжруулах,
Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй, ахиц гараагүй байна гэж үнэлсэн байдаг.
Гуравт, хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах,
Дөрөвт, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байгааг сайжруулах, шалгалтыг сайжруулах зэрэг даалгавар багтсан юм.
Үүний дараа эрх баригчид Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Ц.Даваасүрэн нарыг тодруулж, өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулан, чөлөөлсөн.
УИХ-аар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг нийт 10 гаруй хуульд өөрчлөлт оруулж, баталсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газар "FATF" –ын хоёр ч удаагийн урьдчилсан хамгаалалтад орсон. Эхнийх нь 2020 оны нэгдүгээр сард, удаах нь тавдугаар сард болсон билээ.
Хоёр дахь шалгалтад орсныхоо дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, даалгаврыг биелүүлж, хангалттай гэсэн үнэлгээ авснаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: www.polit.mn