Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Сонсголгүй хүмүүсийн олон улсын өдрийг (International Deaf Day) Дэлхийн сонголгүй ба хэлгүй хүмүүсийн холбоо (World Federation of the Deaf,) байгуулагдсанд зориулан 1951 онд тогтоожээ. Статистикийн мэдээгээр дэлхийн есөн хүний нэг нь сонсголын доголдолтой. Дэлхийд 2500 хэл байдаг ба сүүлийн үед түүн дээр харц, дохио зангааны хэл нэмэгдэн мэргэжилтнүүдийн анхааралд тогтмол байгаа. WFD өнгөрсөн зууны 50-иад онд дохионы системийг бий болгожээ. Ширээт лам де Л’Эпе 1760 онд Парисийн сонсголгүй хүмүүсийн институтыг байгуулсан бөгөөд ламтан дохионы хэлийг ихээр дэмжиж иржээ. Хөгжлийн ийм бэрхшээлтэй олон суутнууд байлаа. “Францын яруу найргийн жонон” гэж нэрлэгдсэн Сэргэн мандлын үеийн яруу найрагч Пьер де Ронсар, “Парисийн дарь эхийн сүм”-ийн зохиогч Виктор Гюго, агуу суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен, Италийн зураач Антонио Станьоли, Францын барималч Клод-Андре Десен ба Францын гүн ухаантан, зохиолч Жан Жак Руссо зэрэг суутнууд энэ бэрхшээлд нэрвэгдсэн байжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1815.09.26. Парис хотноо Австри, Прусс, Орос ариун холбоо гэгч хаадынхаа холбоог байгуулжээ. Уг холбоо нь Наполеоны эзэнт улсыг унагасны дараа Европын хувьсгалын хөдөлгөөний эсрэг байгуулагдсан байна. Холбоо байгуулах санаачилгыг гаргасан Оросын эзэн хаан I Александр ийм гэрээний тусламжтайгаар хаант засаглалтай, христийн орнуудын хооронд дайн гарах боломжийг зайлуулахаар эрмэлзжээ. Парис хотноо энэ өдөр эзэн хаан I Александр, Австрийн эзэн хаан I Франц, Пруссийн ван III Фридрих Вильгельм гурав Ариун холбоогоо байгуулан зохих гэрээнд гарын үсэг зуржээ. “Ариун итгэл үнэмшил, хайр, үнэн ба энх тайвны сургаалыг” эрхэмлэнэ гэж баримтын үндсэнд зааж өгсөн байлаа. Удалгүй энэ холбоонд Францын хаан XVIII Людовик нэгдсэн байна. Дараалан Их Британийн эрх баригч жонон ба Ромын хамба хоёроос бусад Европын хаад нэгджээ. Гэхдээ Их Британи холбооны бодлогыг зарим талаар дэмжиж байсан ба харин Туркийг христийн биш гээд холбоонд аваагүй байна. Холбооны ажиллагааны хэлбэр нь хаад болон Гадаад хэргийн сайд нарын төвшний уулзалт байлаа. Гэсэн ч Европын орнууд Оросын эсрэг лалын Турктай хамтран хийсэн Крымын дайн (1853-1856) христийн хаадын холбоо байгуулах бүх найдварыг булшилсан юм.
1976.09.26. Тэр жилийн энэ өдөр эхнэр нь хүүхдээ аваад явсан нисгэгч Ан-2 онгоцоор Новосибирскийн орон сууцны таван давхар байрыг санаатайгаар мөргөсөн хэрэг гарчээ. Ням гаригийн өглөө Баруун-Сибирийн иргэний агаарын тээврийн газрын нисгэгч Ан-2 онгоцоор зорчигчидгүй дур мэдэн нисээд хотын дээгүүр нам нислэг хийж байгаад онгоцоо өглөөний найман цагийн үед Степная, дом 43/1 гудамжны таван давхар байшин руу чиглүүлэн мөргөсөн ба нисгэгч өөрөө амь үрэгдсэн байлаа. Онгоцны ихэнх нь байрны гадна унасан ч уг байранд онгоцны асгарсан бензины улмаас гал гарчээ. Энэ үйлдлийн улмаас 11 оршин суугч амиа алдсан юм. Өөр нэг хувилбараар нисгэгч эхнэр ба хамаатнуудынхаа байр луу онгоцоо чиглүүлж тэднээс “өшөө авах” гэсэн гэдэг. Харин тэд гэртээ байгаагүй байжээ.
Эх сурвалж www.zms.mn