Б.СОЛОНГО
TheStar.com сайтын Бээжин дэх орон тооны бус сурвалжлагч Кит Жиллет манай улсад ирэхдээ Налайхын нүүрсний уурхайгаас нэгэн сурвалжлагыг бэлтгэжээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн уншигч танд хүргэж байна.
Монгол, Налайх. Гартаа бяцхан охиноо тэвэрсэн энэ эр бол Баасанбаяр. Тэр нүцгэрсэн уул руу харсан чигээр сууж байна. Тэр энэ газарт 12 жил амьдарчээ. Түүний өмнө талд овоолсон нүүрсний хог, гар аргаар ухсан уурхайн нүх. Энэ бол бодит ертөнц. Харин ард талд нь түүний цорын ганц өмч болох нурж унах шахсан байшин байна. Тэр байшингийн цонхнууд нь хагарчихсан, хана нь юу юугүй цөмрөхөд бэлэн болжээ.
“Энэ бол амьдрахад таатай газар биш. Гэхдээ би энэ амьдралыг яаж өөрчлөх ёстойг мэдэхгүй байна”. Баасанбаяр ингэж хэлсэн юм.
Монголд уул уурхай хүчтэй хөгжиж байна. Энэ улсын түүхийн салшгүй хэсэг нь уул уурхай болох нь гарцаагүй. Энэ сард тус улсын хамгийн том орд болох Оюутолгой, дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны ордоо ашиглаж эхлэх гэж байна. Энэ нь тус улсын эдийн засагт долларыг тэрбум тэрбумаар нь оруулах ид шидтэй. Ванкуверт төвтэй Turquoise Hill Resources бол энэ ордын хамгийн том хувь нийлүүлэгч юм.
Гэхдээ Оюутолгой Монгол Улсын уул уурхайн түүхийн нэг хэсгийг бичилцэж эхлэхээс өмнө Налайх хэмээх уурхайн жижигхэн хот бий болсон байсан. Энэ хот бол энэ улсын анхны уул уурхайн тосгон гэж хэлж болно. Монголын нүүрсний гол цөм газар ч гэж нэрлэж болно. Гэвч энд өнөөдөр зутруу, ядруу тийм л дүр төрх зонхилж байна.
2011 оны гуравдугаар сард зургаан уурхайчин ойролцоогоор гараар ухсан 1000 орчим нүхний нэгэнд дарагдаж амиа алджээ. Уурхайчдыг үхсэнээс хэдхэн өдрийн дараа тэр орчмын мянга мянган уурхайчин эргээд л өнөөх ажилдаа орцгоосон байна. Учир нь тэдэнд сонголт байхгүй. Дараах өдөр нь өөр нэгэн уурхайчин газар дор агааргүйн улмаас амиа алдсан. Судалгаагаар 2009-2011 оны хооронд иймэрхүү байдлаар 50 амь тасарсан байна.
“Чи үргэлж осол, золгүй явдлын талаар сонсож амьдарч чадах уу. Энд бүгчим агаар, хэзээ мөдгүй нурж мэдэх шороо, харанхуй хоргодох байрнаас өөр юу ч байхгүй” гэж эхнэр, гурван охины хамт амьдардаг өдгөө 30 настай Баасанбаяр надад ярилаа.
“Гурван жилийн өмнө би газар дор бүтэн цагийн турш гацаж үзсэн. Шороо нураад ирсэн юм. Дуу ч гаргаж чадахгүй, юу ч сонсохгүй байлаа”. Баасанбаяр тэр ослоос хойш гурван сар хэвтэрт байжээ. Тэгээд нүүрс ухах ажилдаа эргээд орсон. Учир нь энэ гэр бүлд үүнээс өөр орлогын эх үүсвэр үгүй.
Налайх бол Монголын анхны уурхайн жижиг хот гэж дээр хэлсэн. 1920 оны үед Улаанбаатар хотоос ердөө 40 километрийн зайд асар их нүүрсний нөөц байгааг олж тогтоосон ажээ. 1992 оныг хүртэл энэхүү орд нь чухал хэвээр байсан бөгөөд түүнээс хойш мянга мянган ажилгүй хүмүүсийн орлого залгуулах эх үүсвэр болж хувирсан байна.
Төр ашиглахаа больсон уул уурхайн газарт гэр бүлээрээ, найз нөхдөөрөө нүүрс ухаж, өөр нэг уурхайн салбарыг үүсгэсэн гэж хэлж болно.
Өнөөдөр энэ орчмын газар нутаг тэр чигээрээ эзгүйрсэн байна. Цөөхөн хэдхэн том уурхай л үлдсэн.
“Гар аргаар нүүрс олборлох ажиллагаа 20,30 жил магадгүй тэрнээс удаан хугацаанд ч үргэлжилсээр байх болно. Тиймээс бидэнд энэ салбарыг зохицуулах зохицуулалт, төсөв хөрөнгө хэрэгтэй” гэж Улаанбаатар дахь НҮБ-ын эдийн засагч Саура Шинха хэлсэн юм. Орхигдсон уурхай, жолоогүй эдийн засаг бол адил зүйл юм.
Н.Болор бол Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн бодлогын зөвлөх, судлаач, Торонто дахь орон тооны бус төлөөлөгч зэрэг томоохон албыг хашиж байсан эрдэмтэн. Тэрээр Монголын алт, нүүрсний уурхайн талаар олон зүйлийг хэлж чадна.
“Уул уурхайд хууль бус зүйл их байгаа нь хамгийн гунигтай зүйл юм. Энэ зүйлд маш олон тооны хүн амьдарлаа даатгаж, түүнд шунаж байгаа нь харамсалтай. Бүх зүйл хаягдсан 1990 оны өвлөөс хойш олон тооны хүний арми энд ажиллаж байна. Ямар ч боловсрол, ямар ч мэргэжилгүй хүмүүс”
Жижигхэн гэрээс 78 настай Цэвэл гуай гарч ирлээ. Тэр Архангай аймгаас иржээ. Сарлаг малладаг байсан гэнэ. Гартаа цөөхөн хэдхэн тамхи, бас савтай ус барьсан байв.
Тэрээр хэлэхдээ “Өвөлдөө налайхынхан бүгд энд ажилдладаг. Бүгд л нүүрс зарж мөнгө олохын тулд өдөр шөнөгүй газар дор ордог юм” гэв. Багахан боловсролтой нэгэн нь энд юм зарж мөнгө олдог ажээ. Тэдний нэг эрэгтэй, эмэгтэй хоёртой уулзлаа. “Налайх бол амьдрахад тийм ч муу газар биш. Гэхдээ мэдээж сайхан биш. Энд бид дэлгүүрээ ажиллуулж, бизнесээ явуулж байгаа нь хангалттай” гэж тэд хэлэв.
Ойролцоогоор 43, 20 орчим насны хоёр эр нүхэнд ажиллаж байна. “Бид татвар төлдөггүй. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Хэрэв бид үхвэл эзнээсээ ямар ч нөхөн төлбөр авах эрхзүйн үндэсгүй” гэв.
Налайхын нүүрсний амьдралаар 20 мянга орчим хүн гол зогоодог ажээ. Тэд хэсэг хэсгээрээ бүлэг болж, өөрсдийн эзэнтэй байдаг. Өдөрт 12 цаг ажиллаад, сард ойролцоогоор 420 ам.долларын орлого олдог гэнэ. Газар дор агааргүй байдаг нь тун ч аюултай аж. Тэд өвлийн хүйтэнд зогсолтгүй ажиллах шаардлагатай. “Хэрэв бид багахан боловч зогсвол хөлдөж эхэлнэ” гэж уурхайчдын нэг нь хэллээ.
Налайхын ойролцоо мод алга. Батбаатарын хэлснээр энэ хавийн модыг ковш болгоход зориулан тайрчихжээ.
“Засгийн газар модны хулгайтай тэмцдэг боловч энэ байдлыг зогсоож чадахгүй байгаа. Мод бол уурхайчдын ганц зэвсэг учир өөр яалтай билээ” гэнэ.
Монголын эдийн засаг өнгөрсөн жил 17.3 хувиар өссөн билээ. Энэ бол уул уурхайгаас олсон орлогоос хамааралтай өндөр тоо. Улаанбаатарын гол гудамжуудаар брэндийн тансаг дэлгүүр, өндөр барилга олон.
“Би Оюутолгойд ажилд орох гэж үзсэн. Гэхдээ маш их бичиг баримт шаардлагатай юм билээ” гэж Баасанбаяр нүүрс шидэж тоглож байгаа охиноо харангаа хэллээ. “Тэд үргэлж уул уурхайн боловсрол зэрэг хэцүү зүйлс шаарддаг. Уг нь бид хангалттай ажлын туршлагатай шүү дээ”.
Налайхад дандаа ажилгүй залуучууд очдог. Тэдэнд мэргэжил байхгүй учир ийнхүү гар аргаар ухсан нүхэнд амь өрссөн ажил хийж байна. Монголын уул уурхайн хөгжил ямар үнэ цэнэтэй юм бэ.