Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

АНУ-ын хүн амын тоогоор хоёр дахь том хот Лос-Анжелес хотыг 1781 оны энэ өдөр үндэслэн шавыг нь тавьжээ. Өнөөгийн Лос-Анжелесийн эзэлж байгаа нутагт XVI зууны үед тонгва ба чумаши омгийн индианчууд амьдарч байсан  бөгөөд анх тэнд испани даяанчид 1781 оны энэ өдөр “Сахиусан тэнгэрүүдийн хатан хаан дахь Дарь эх Мариягийн суурин гэх Эль-Пуэбло-де-Лос-Андхелес” гэх урт нэртэй тосгоныг байгуулжээ. Хэдэн арван жилийн турш жижигхэн байсан энэ тосгон XIX зууны эхнээс томоохон суурин болж эхлэв. Хот 1835 онд Мексикийн мэдлийн болоод нэр нь Лос-Анхелес болон богиноссон байлаа. Америк тусгаар тогтнолоо зарласны дараа хот Мексикийн бүтцэд богино хугацаанд байгаад хоёр орны дайнд Мексик ялагдсаны дараа 1848 оны гэрээгээр АНУ-д шилжин ирсэн байна. Энэ бүх үйл явдлын дараа түүний нэрийг англи дуудлагаар Лос-Анжелес болгожээ. Хот Калифорнийг АНУ-д багтахаас хэдэн сарын өмнө 1850 онд албан ёсны статусаа авсан ба хүн ам нь 1600 байжээ. Хот төвдөө том талбайтай энгийн дөрвөлжин маягаар төлөвлөгдсөн ба тэр үеэс Нуэстра Сеньора ла Рейна де Лос Анхелес сүм болон хоёр давхар  Луго-хаус нь хадгалагдан ирсэн байна. Өдгөө энэ хотод 15 сая гаруй хүн амьдардаг бөгөөд Санта-Моники ба Беверли Хиллзийн тансаг районуудаас хогондоо баригдсан ядуусын хороолол хүртэл олон жижиг хотхонуудаас бүрэлдэж байна. Калифорнийн энэ нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагдах учир тэнгэр баганадсан барилгууд зөвхөн хотын төвөөр байх бөгөөд хот төлөвлөлттэй сайтай. Тус хотод “Америкийн мөрөөдлийн үйлдвэрлэл” Холливуд ба дэлхийд нэртэй Диснейленд байрладаг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1774.09.04. Жеймс Кук "Резольюшн" хөлөг онгоцоор далайн аян хийж байхдаа нэгэн арлыг нээгээд Шинэ Каледон гэсэн нэр өгсөн байна. Шинэ Каледоны байгаль нь зарим газраар Хуучин Каледон буюу Шотландыг санагдуулж байсан учир ийм нэр өгчээ. Шотландын уулсыг Каледония гэж латинаар нэрлэдэг байжээ. Уугуул иргэд канаки омгийнхон түүнийг Канаки гэж нэрлэж байсан гэдэг. Тэд өнөөг хүртэл анхлан нээгчийн өгсөн үгийг хүлээн зөвшөөрдөггүй аж.

1768.09.04."Хүмүүс юунд ч итгэхээ болих цагт тэд юм бүгдэд итгэхэд бэлэн” гэж хэлсэн Францын зохиолч ба дипломатч Франсуа-Рене де Шатобриан1768 оны энэ өдөр төржээ. Шатобрианы сэтгэлгээ болон үг бүтээх чадвар зэргийг үнэлэн 1800 оноос эхлэн түүнийг Францын Гадаад хэргийн яаманд хэрэгтэй гэж дуудсан байв. Гэвч тэрээр уран зохиолд байгаа шигээ амьдралдаа романтик хүн байснаас ордонд суух нь түүнд таалагдсангүй. Наполеон түүний огцрох өргөдлийг хоёр ч удаан хүлээн авч байсан бол Луи-Филипп хаан түүнийг сайдаас татгалзсан гээд барьж хориулна гэж занаж байлаа. Тэрээр 1822-1828 онуудад Францын Гадаад хэргийн яамыг толгойлж байхдаа албан тушаалын карьерынхаа оргил үеийг хийжээ.

Эх сурвалж www.zms.mn