Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орны нэг бол Катар улс юм. Нийслэл хот Доха. МЭӨ 3000 орчим жилийн өмнө эртний Финикчүүд амьдран сууж байсан Катарын хойгийг эртний Герегийн газар зүйчид, Ромын түүхчид, Арабын эрдэмтэд Катала Каталар Каталия гэж түүх сурвалжид тэмдэглэж байсан нь хувирсаар өнөө Катар гэгдэх болжээ. Одоо 2 сая 244 мянган хүн амтай. Нэг хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагт дунджаар 60 хүн ногддог. Түүхэндээ удаа дараалан эртний Араб, Ираны хаант улсын нэг хэсэг байсан Катарт МЭ VII зуунаас ислам шашин дэлгэрснээр өнөө хүн амын 95 хувь нь мусульманы суннит урсгалын ваххаби шашныг шүтдэг. 1517 оноос Португаль, Османы эзэнт улс, Перс буюу Ираны ноёрхолд, 1882 оноос Английн асрамжийн орон болон түүхийн их нугачааг туулсан Катар улс 1971 оны есдүгээр сарын 1-нд тусгаар тогтнож, бүрэн эрхт улс болсноо дэлхий дахин есдүгээр сарын 3-нд зарласан байна. Үндэсний баяраа жил бүрийн есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг. Тусгаар тогтноод 49 жил болж буй Катар нь Тhe State Qatar хаант засаглалтай улс бөгөөд тус улсад улс төрийн нам, бус байгууллагын үйл ажиллагааг хориглодог. Хуурай зам, далайн, агаарын цэргийн хүчинтэй 11800 сайн дурын цэргийн албан хаагчидтай, АНУ, Англи, Францын орчин үеийн зэв зэвсэглэлээр хангагдсан, эдгээр гурван оронтой цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй. Эртнээс Катар улс Персийн булангийн их хөлийн зах зээл, сувд олборлодог бүс нутаг болсоор ирсэн ба Доха, Умм Саид зэрэг томоохон боомтод өдөр бүр хэдэн зуун хөлөг онгоц хэдэн мянган далайчид бөөгнөрч байдаг. Тус орны газар нутаг бараг бүхэлдээ чулуурхаг цөл газар, хөрс шороо нь үржил шим муутай, гадаргын усны нөөц хомс, жилд орох хур тунадасны хэмжээ тун бага байдгаас хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжил тааруу. Хүнсний ногоо жимс, мах, өндөг сүү зэрэг хүнсий гол бүтээгдэхүүнээ гаднаас импортоор авдаг, загас хясаа зэрэг далайн бүтээгдэхүүнээр үндсэндээ өөрийгөө хангадаг Катарчууд үхэр, хонины мах голлон иддэг, бүхэл хонины шарсан мах, таван цулын будаатай хуурга, малын мөч мах, шарсан загас, наргилын чавга, усан үзэмтэй хуурсан будаа идэж, хар цай, кофе уух дуртай ажээ. Исламын орнуудын нэгэн адил архи уух, гахайн мах идэхийг цээрлэдэг. Катарын Засгийн газар тариачдад үрийн будаа, бордоо, хөдөө аж ахуйн машин техникийг үнэгүй олгох бодлого явуулж ард иргэдийнхээ мод тарих санаачилгыг хөхүүлэн дэмжиж, хагалсан газрыг өргөтгөхөд ихэд анхаарч байна. Хувийн хэвшлийг дэмжих болон нээлттэй Засгийн газрын бодлого баримталдаг Катарын эдийн засгийн өсөлт жилд 8,8 хувь 2005 байдаг ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 28300 ам доллараас давдаг дэлхийн толгой баян орны нэг юм.
Энэ өдөр дэлхий дахин болсон үйл явдал
2017.09.03. БНАСАУ зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй туршилт болсон юм.
2016.09.03. БНХАУ, АНУ "Парисын цаг уурын гэрээ"-г албан ёсоор соёрхон баталжээ.
Эх сурвалж www.zms.mn