Б.ДОЛЖИНЖАВ
БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан зарим мэдээллийг өглөө. Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Энэ талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан "Энэ жил импортоор орж ирэх бараа, материалд бага зэрэг саатал гарсан ч 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ЕБС-ийн суудлын тоо 14000 орчмоор, цэцэрлэгийн орны тоо 6000-аар нэмэгдэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ЕБС-ийн барилга, өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа. Гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Дахиад таван сургуулийг арав, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжлээд явж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn