Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 31-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Одоогоос 23 жилийн өмнө буюу 1997 оны энэ өдөр Парис хотын Альма талбайн доорхи замын хонгилд гарсан автомашины ослын улмаас Уэльсийн гүнж Диана Спенсер амиа алдсан юм. Гүнжийн хамт түүний найз Доди аль-Файед амь үрэгдсэн билээ. Аль-Файед ба жолооч Анри Поль хоёр газар дээрээ нас барсан ба гүнж Сальпетриер эмнэлэгт хүргэгдэн ирээд хоёр цагийн дараа амьсгал хураасан гэдэг. Диана гүнж дэлхийн хамгийн нэр алдартай эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд “Ард түмний гүнж” өргөмжлөлтэй байв. Тэр буяны ба энхийг сахиулах олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан төдийгүй амьтан хамгаалах үйлст ч хүчин чармайлтаа оруулжээ.
Энэ өдөр дэлхий дахин болсон үйл явдал
1935.08.31. Донбассын уурхайчин Алексей Стаханов нүүрс гаргах нэг хоногийн нормоо 14 дахин ихэсгэв. Зөвлөлтийн коммунист намын Төв хороо 1935 оны арванхоёрдугаар сарын бүгд хурлаараа “Стахановын хөдөлгөөнийг” олон сая хүмүүсийн хөдөлгөөн болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь социалист уралдааны үндсэн хэлбэр болсон ба оны сүүлчээр Зөвлөлтийн үйлдвэр бүрт өөрсдийн нь стаханов гарч ирсэн байлаа. Зарим нь үзэл суртлын үүднээс нөгөө нь шагнал, нэр төрийн үүднээс тэргүүний ажилчин болохоор тэмүүлж байлаа. “Дээд амжилтуудыг” ихэнхи тохиолдолд хиймлээр тогтоож иржээ. Техникийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар зэрэг нь дээд амжилтын ард хаягдсан байлаа.
1990.08.31. Баруун Германы Гадаад хэргийн сайд Вольфанг Шойбле, Зүүн Германы ерөнхий сайдын дэргэдэх парламентын статс нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нар ХБНГУ, БНАГУ-ын эв нэгдлийн гэрээнд 1990 оны энэ өдөр гарын үсэг зуржээ. Москва хотноо 1990 оны есдүгээр сарын 12-нд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, БНАГУ зэрэг зургаан орон Германы асуудлыг нэг мөр шийдсэн гэрээнд гарын үсгээ зурсан юм. Хоёр Герман албан ёсоор 1990 оны аравдугаар сарын 3-нд нэгдсэн билээ. Ингээд БНАГУ бие даасан улс байхаа больж, Баруун Берлины бие даасан улс төрийн нэгж байсан нь татан буугджээ.
Эх сурвалж www.zms.mn