Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Мустафа Кемаль. Туркийн Үндэсний их чуулган  түүнд Ататюрк («Туркуудын эцэг») нэрийг 1933 онд олгожээ. Жил бүрийн энэ өдөр Турк өөрийн төрийн том баяр болох Ялалтын өдрийг (Victory Day / Zafer Bayrami) тэмдэглэдэг.  Туркууд Думлупинарын дэргэд Грекийн булаан эзлэгч нарт шийдвэрлэх цохилт өгөн ялалт байгуулсан 1922 онд тусгаар тогтнолын төлөөх дайнаа дуусгажээ. Думлупинарын тулалдаан (Battle of Dumlupinar) нь 1919-1922 онд явагдсан  дайны сүүлчийн тулаан байсан юм. Туркийн армийг Мустафа Кемаль (Mustafa Kemal, 19.05.1881 - 10.11.1938) удирдсан ба тэрээр Туркийн анхны Ерөнхийлөгч байлаа. Думлупинарын дэргэдэх дөрөв хоногийн тулаанд туркууд грекчүүдэд сүйрлийн цохилт өгөөд грекчүүдийг мөшгөн хөөж, Измир хотыг эзэлсний дараа түүнийг бүрэн шатаасан байв. Энгийн иргэдийн хохирол тоо томшгүй байсан ба өнөөг хүртэл грек, туркууд энэ аймшигт түймэрт бие биенээ буруутгасаар иржээ. 1922 оны аравдугаар сарын 20-нд Лозаннад болсон энхийн бага хурлаар Их Британи, Франц, Итали, Турк зэрэг орнууд Туркийн тусгаар тогтнолыг бататган түүний хил хязгаарыг тогтоож өгсөн ба Грек, Туркийн хооронд хүн амаа солилцох асуудлыг зохицуулжээ. Ялалтын энэ өдрөөр цэргийн парад ба цэрэгжсэн арга хэмжээ ёслол явагддаг.


Энэ өдөр дэлхий дахин болсон үйл явдал

1700.08.30. “Орос-Шведын Хойд нутгийн дайн” гэж нэрлэгдсэн дайн эхлэн 1721 он хүртэл үргэлжилжээ. Түүний зорилго нь Балтийн далайд гарах Оросын хүсэл байжээ. Залуу хаан I Петрийн арми 1700 оны арваннэгдүгээр сарын 30-нд Нарвагийн дэргэд ХII Карл хааны армид ялагдсан байв. Петр ялагдсаныхаа дараа арми флотыг шинэчлэн 1700-1702 онд тэднийг бараг шинээр байгуулжээ. Оросын хаан 1703 онд Нева мөрний цутгаланд Санкт-Петербург хотыг хожим Кронштадтын цайзыг бий болгон үндэслэв. 1704 оны зун оросууд  Дерпт (Тарту) ба Нарваг эзлэн Финийн буланд бэхжиж авлаа. Орос Шведтай найрамдлын гэрээ байгуулахын төлөө байсан ч Карл Оросуудыг тэнгисийн замаас нь шахахаар шийдсэн байна. 1709 онд Хойд дайны хувь заяаг шийдсэн Полтавын тулалдаан болж оросууд ялсан байлаа. Оросын бүрэн ялалтаар 1721 онд Хойд дайн дуусч оросуудад хуучин Оросын нутаг газар эргэн ирж тэд Балтийн эрэгт бүрэн бэхжиж  чадсан юм.

1873.08.30. Туйл судлаачид:Юлиус Пайер ба Карл Вайпрехт арктикийн эзгүй арлуудыг нээж, Франц-Иосифын нутаг гэж нэрлэжээ. Тэр хоёр дарвуулт болон уурын «Тегетгофф» хөлөг онгоцоор Оросын европын хэсгийг Алс Дорнодтой холбох хамгийн богино далайн замыг олохоор 1872 онд аяндаа гарчээ. Гэтэл уг хөлөг онгоц Шинэ газраас холгүй мөсөнд хаагдаад 1873 оны энэ өдөр огт шинэ газар зангуугаа хаяжээ. Эрдэмтэд нээсэн арлууддаа Австрийн эзэн хаан Франц-Иосифын нэрийг өгөөд тэд 1874 оны хавар чаргаар арлыг бүрэн туулан судлаад зургийг нь гаргажээ. Фредерик Жексон  арлыг 1895-1897 онд судлан бүх арлуудыг нь нээсэн юм. Зөвлөлтийн станцыг анх Рудольф аралд байгуулсан ба Франц Иосифын 191 арал нь одоо Оросын Архангельск мужийн бүтцэд ордог.

1918.08.30. Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ленин олны өмнө үг хэлээд машиндаа суух гэж байхад нь гурван удаа буун дуу гарлаа. Жолооч буутай эмэгтэй хүний гарыг харснаас царайг нь харж чадсангүй. Ленин хүнд шархадсан байв. Олны дундаас нэгэн эмэгтэйг барьсан ба түүнийг буудсан гэж хэн нэгэн нь хашгирав. Тэр эмэгтэй нь эсер намын 28 настай Фанни Каплан гэдэг байлаа. Яагаад үүнийг хийснээ тэр эмэгтэй тайлбарлахдаа Ленин амьд байх нь социализмд итгэх хүмүүсийн итгэлийг сулруулж байна гэжээ. Гурав хоногийн дараа тэр эмэгтэйг буудан хөнөөжээ. Мөн тэр өдөр эсерүүд Петербургийн Онцгой комиссийн дарга М.Урицкийг хөнөөсөн байв. 1918 оны есдүгээр сарын 5-нд Ардын комиссаруудын зөвлөл Зөвлөлт засгийг ангийн дайснаас салгах хэрэгтэй гэсэн тогтоол гарган улаан террорыг эхлүүлжээ.

Эх сурвалж www.zms.mn