Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Попын хаан Майкл Жексон энэ өдөр мэндэлжээ. Жексон  энэ ертөнцийг 50 настайдаа орхин одсон дэлхийн хэмжээний од юм. Тэрээр 50 наслахдаа маш олон зүйлийг хийж, бүтээж чадсан. Тухайлбал, Жексон попын хаанаар өргөмжлөгдөж, Элвис Преслитэй энэ зэрэгцэж чадсан. Майкл Жексон Индиана мужид олон хүүхэдтэй айлын бага хүү нь болон мэндэлсэн. Түүний эцэг хүүхдүүдээ байнга зоддог байсан нь хожим нь  сэтгэхүйд хар толбо үлдээсэн гэдэг. Майкл ах нартайгаа нийлж, гэр бүлийн “Жексон 5” хамтлагийг байгуулав. Удалгүй Жексон хамтлагийнхаа гол вокалист болж, АНУ даяар олон байгууллагын арга хэмжээнд оролцож, амжилт гаргах болжээ. Гэхдээ тэд ихэвчлэн шөнийн цэнгээний газруудад дуулдаг байжээ. 1970-аад оны дунд үед хамтлагийн нэр хүнд унаж, “Жексон 5” хамтлаг бутрав. Үүнээс гадна Жексоны гэр бүлд Майкл Ла Тойа болон Женнет гэсэн хоёр эмэгтэй дүү байсан ч тэднийг охин хүүхэд гээд хамтлагтаа оруулаагүй гэдэг. Гэхдээ энэ гэр бүлийн жинхэнэ од нь зөвхөн Майкл л байв. 1982 онд Жексон Thriller цомгоо худалдаанд гаргаснаар дэлхийд алдартай болов. Тус цомог нь 109 сая хувь зарагдсан бөгөөд энэ амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй юм. Майкл дэмий зүйлд цаг, хөрөнгө мөнгөө үрэх дургүй байжээ. Тэр өөрийгөө үргэлж шилдэг нь гэдгээ ямар нэгэн аргаар илэрхийлдэг байв. Ялангуяа, дууныхаа клипний зураг авалтад мөнгө хэмнэх дургүй байв. Тухайлбал Scream дууны клипийг тухайн цаг үеийн хамгийн шилдэг компьютер графикийг ашиглан бүтээсэн бөгөөд долоон сая ам.доллар зарцуулжээ. Тус клип нь түүхэнд хамгийн үнэтэй бүтээлээр тэмдэглэгдэн үлджээ. Урлаг, уран бүтээлд анхаарлаа хандуулахын зэрэгцээ Жексон хүүхэд  насны мөрөөдлөө биелүүлэх үүднээс өөртөө болон зочдодоо зориулан Neverland-эд асар том цэнгэлдэх хүрээлэн байгуулсан. Мөн тэрээр The Beatles  хамтлагийн шүтэн бишрэгч байсан тул зарим дууных нь эрхийг ч худалдан авсан ажээ. Үүнээсээ болоод Жексон Пол Маккартнитай муудалцаж  байжээ. Майкл Жексоны тухай маш олон домог мэт яриа байдаг. Тухайлбал, түүнийг цагаан арьстай болохын тулд арьсаа солиулсан, өндөр даралттай тусгай төхөөрөмжид унтдаг зэргээр бичиж байв. Гэхдээ энэ бүхэн худал гэдэг нь тогтоогдсон ажээ.  Жексон 1984 оны тоглолтын үеэр пиротехникийн хэрэгслээс болж гэмтэж, улмаар нүүрээр нь цагаан толбо гарах болсон гэдэг. Үүнээсээ болоод Жексон байнга цагаан крем түрхдэг байжээ. Харин өндөр даралттай төхөөрөмжийн хувьд, Жексон олон нийтийн газар тэрхүү төхөөрөмжид зураг авхуулснаас үүдээд ийм цуу яриа гарах болсон ажээ. Жексон цуу яриаг үл тоодог байсан ч нян бактерийг үздэггүй байв. Тэрбээр төрийн тэргүүн нартай гар барихдаа хүртэл бээлий өмсдөг байсан ч ийм учиртай гэнэ. Харамсалтай нь, Майкл Жексоны амьдралын сүүлийн мөчүүд хөгжим гэхээсээ илүүтэй скандал, дуулиантай холбоотой байв. Тэр хүүхдэд маш хайртай байсан бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан маш их хэмжээний хандив өргөдөг байв. Мөн Neverland цэнгэлдэх хүрээлэндээ хүүхдүүдийг урьдаг байжээ. Түүний сүүлийн цомог олон мянган шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг татаж байв. 2009 оны есдүгээр сард Жексон Лондонд аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан бөгөөд дэлхий нийтээрээ попын хааныг тайзнаа эргэн ирж байгаа талаар шуугьж байв. Харамсалтай нь тоглолт болохоос гурван сарын өмнө буюу зургаадугаар сарын 25-нд түүний хувийн эмч  Жексонд тайвшруулах тариа тарьсан байдаг. Хожим нь тэрбээр дозыг нь хэтрүүлсэн гэдгээ цагдаад мэдүүлжээ. Ийнхүү Майкл Жексон үүрд мөнх нойрсов. Майкл Жексоны сүүлийн "шоу" түүний оршуулах ёслол дээр болсон гэж үздэг. Тус ёслолыг дэлхийн олон мянган хүмүүс ажиглаж байсан нь яг л тоглолт болж байгаа мэт байсан гэж урлаг судлаачид хэлдэг. Нас барсныхаа дараа Жэксон 2009 оны хамгийн их хуурцаг борлуулсан дуучин болсон. Нэгдсэн Улсын хэмжээнд түүний 8.2 сая цомог, дэлхий дахинд нийтдээ 35 сая цомог нас барснаас нь хойш 12 сарын дотор зарагсдан байна. Жаксон нэтэс програм татах рекордыг 2.6 сай таталтаар эвдсэн байна. Долоо хоногт түүний дуунуудаас нэг сая таталт хийсэн аж. Нас барсанаас хойш гурван долоо хоногийн дараа түүний цомгууд нь өөр бусад шинэ төрлийн цомгуудаас илүүтэй борлогдсон байна. Жаксон мөн шилдэг 20 цомгийг сайн борлуулсан дуучин болсон байна.

Эх сурвалж www.zms.mn