Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Уилт Чемберлэн 1936 оны 8 сарын 21-нд төржээ. Тэрээр NBA-гийн маш олон төрлийн дээд амжилтыг тогтоож байжээ. Ахлах сургуульд байхдаа Овербрук сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байсан бөгөөд түүнийг байсан гурван жилийн хугацаанд баг нь 56 ялж, 3 ялагдсан байдаг. Чемберлэн нэг тоглолтонд 90 оноо түүнийхээ 60-ыг нь 12 минутанд авч байсан удаатай. Багийнхан нь Чемберлэнийг самбараас авна гэдэгт итгэлтэй байдаг тул чөлөөт шидэлтээ албаар алддаг байжээ. 200 гаруй их сургууль Чемберлэнийг авахаар хөөцөлдсөний эцэст Уилт Канзас их сургуулийг сонгожээ. Их сургуулийнхаа анхны тоглолтонд л багийнхаа түүхэнд хамгийн өндөр оноо болох 52 оноо авсан. 1957 онд баг нь NCAA-гийн шигшээ тоглолтонд хүрч, үзүүрлэсэн бөгөөд Уилт шилдэг тоглогчоор шалгарав. 3-р курст байхдаа "The Sporting News" сонины "Бүх Америкийн бэлгэдлийн шигшээ баг"-т багтжээ. Чемберлэн ахлах сургууль болон их сургуульд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. 3-р курст байхдаа Конференцийн хөнгөн атлетикийн тэмцээнд өндрийн харайлтын төрлөөр аваргалж байсан, мөн 100 метрийн гүйлт, гурвын харайлтаар амжилт үзүүлж байв. Аварга биетэй хэрнээ 100 метрийн зайг 10.9 секундэд туулдаг байлаа. 1958 онд Чемберлэн мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудав. Харин 3-р курст байсан учраас дүрэм ёсоор NBA-д тоглох боломжгүй байлаа. Тиймээс Чемберлэн асар их цалингаар Харлем Глобетроттерс багт орж, нэг жил тоглосон. Жилийн дараа драфтад оржээ. Тэр үед NBA-гийн багууд драфтын 1-р үед тамирчин сонгох эрхийнхээ оронд, нутгийнхаа тамирчныг сонгож болдог "Бүс нутгийн драфт" гэгдэх дүрэмтэй байсан бөгөөд тэр дүрмийн дагуу Филадельфи Уорриорз баг түүнийг сонгожээ. Шинэ тоглогч болсон 1959-60 оны улиралд дунджаар 37.6 оноо, 27 самбараас авалтаар шилдэг шинэ тоглогч болохын хамтаар MVP-г зэрэг хүртсэн анхны тоглогч болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1957.08.21. ЗХУ холын тусгал бүхий R-7 Семёрка пуужинг амжилттай туршив. Энэ нь дэлхийн түүхэн дэх тив алгасагч анхны пуужин юм.
1959.08.21. АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавайг нэгдсэн улсын 50 дахь муж улс болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Хавайчууд албан ёсны баяр болгон тэмдэглэдэг билээ.
1961.08.21. Америкийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн чухал байр суурь эзлэх Мотаун студи хамгийн анхны номер нэг хит дуугаа гаргажээ. Тус дууг The Marvelettes хамтлаг дуулдаг бөгөөд "Please, Mr.Рostman" гэдэг юм.
1968.08.21. АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч бага Жеймс Андерсоныг Алдарын төлөөх медалиар нэхэн шагнах шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Ингэснээр хар арьст хүн тус медалийг авсан анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн байна.
2001.08.21. Хуучин Югославын бүгд найрамдах Македон улсад болж байгаа иргэний дайныг харгалзан НАТО буюу Умард Атлантын Цэргийн Эвсэл энхийг сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж www.zms.mn