Х.ОЮУНБОЛД
Африкийн Жибути улсын экспедицийн гишүүдийн өмнө 1970 онд сөнөж устсан гэж итгэж байсан амьтан гайхамшигтайгаар дахин амилсан байна. Заан атаахай нэртэй бүрээ хэлбэртэй урт хошуутай, хар нүдтэй хулгана, шишүүхэйн хольцтой Африкийн жижигхэн хөхтөн амьтныг одоо хүртэл музейд хадгалагдсан 39 төрлөөр нь мэддэг байсан аж. Гэхдээ сөнөж устсан гэж тооцож байсан энэ амьтан дахин гарч ирсэн нь шинжлэх ухааны нийгэмлэгийг гайхшруулаад байна. Тэд Африкийн оронд найман ширхэг заан атаахайг олсноос гурав нь эм, тав нь эр байжээ. Энэ олдворын талаар хийсэн судалгаа уржигдар “Peerj” сэтгүүлийн мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн байна. Түүнээс гадна энэ амьтдын ДНК шинжилгээний үзүүлэлт болон анатомийн нарийвчилсан шинжилгээгээр олон жилийн өмнө устсан гэж тооцож байсан энэ төрөл зүйлийн амьтан амьд байгаа бөгөөд эрдэмтэд буруу тодорхойлжээ. Энэ нь магадгүй баримт мэдээлэл ховор байсантай холбоотой байж болох гэнэ. Тиймээс энэ буруу ойлголцлын улмаас үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгааг хийсэн эрдэмтэд хүйсээр нь нэрлэх саналыг тавьсан байна. Тодруулбал, заан атаахай гэж нэрлэхийн оронд “Галежеска ревойли” гэж нэрлэхээр болжээ. Дахин амилсан энэ хөхтөн амьтадтай эрдэмтэд таарахаас өмнө 12 газарт 1259 занга байрлуулсан аж. Ингэснээр заан атаахай нь итгэж байснаас их түгээмэл амьтан бөгөөд Сомали, Жибути, Этиоп улсын халуун бүс, хадархаг, хуурай газарт амьдардаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn