Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

20-р зууны эхэн үед Томас Эдисон манай гариг дээрх хамгийн алдартай зохион бүтээгч хэмээгдэж байлаа. Тэрээр бидний өдөр тутам хэрэглэдэг гэрлийн чийдэнг бүтээж харанхуйг эзэрхийлсэн мөчөөс “Цахилгааны эрин үе” эхэлсэн юм. Хүн бүр гэртээ цахилгаантай болох боломж нээгдэж, дэнгийн оронд аюул багатай хямд төсөр гэрэл хэрэглэж эхлэв. Гагцхүү энэ цаг үеэс Серби гаралтай зохион бүтээгч “Барууны Шидтэн” Никола Тесла, “Менло Паркийн шидтэн” алдарт Томас Эдисон нарын зам огтлолцох эхлэл тавигдсан юм. 1879 онд Томас Эдисон тогтвортой ажиллах боломжтой гэрлийн чийдэнг “бүтээв”. Гэрлийн чийдэн нь тосон дэнг бодвол хямд төсөр, аюул багатай байснаас гадна байн байн тосоор цэнэглэж “тордох” шаардлагагүй байсан юм. Гэвч цахилгаан гэрлийн үүсэл нь “Цахилгааны эрин үе”-ийн хувьд ердөө эхлэл нь байлаа. Хүн бүр гэртээ, ажил дээрээ гэрэлтэй байхын тулд цахилгаан үйлдвэрлэх станц, түүнийг дамжуулах шугам хэрэгтэй болох нь тодорхой. Мэдээж хэрэг цахилгааны хэрэглээ нь дан ганц гэрлээр хязгаарлагдахгүй юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1206.08.20. Латины эзэнт гүрний хаан ширээнд Фландарын I Генрих заларчээ.

1619.08.20. Голландын хөлөг онгоц Америкт анхны Африкийн 20 хар арьстан боолыг авчран Жеймстауны оршин суугчдад заржээ.

1968.08.20. Варшавын гэрээний орнуудын цэрэг Чехословак улс руу орж, “Дунай” ажиллагааг эхлүүлжээ.

1977.08.20. АНУ Нарны аймгийн алсын гарагуудыг судлах зориулалттай Voyager 2 сансрын хөлөг хөөргөжээ.

1991.08.20. ЗХУ-д гарсан төрийн эргэлтийг эсэргүүцэн Ленинград болон Москва хотуудад олон зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ.

2002.08.20. “Женерал моторс” компани 2000 онд үйлдвэрлэгдсэн “Шевроле”, “GMC” маркийн машины аюулгүйн дэрэнд алдаа гарсан тул 700 мянган машинаа эргүүлэн татжээ.

Эх сурвалж www.zms.mn