Б.ТӨГС

Энэ сарын 17-нд ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганы хамгийн гол ажил төсвийн тодотгол. Түүхэнд байгаагүй том тоонууд хадсан төсвөө тодотгохгүй бол асуудлууд хоолойн дээр тулж ирснийг бүгд мэдэж байгаа. 11.7 их наядын орлого олж, 13.8 их наяд төгрөгийн зардал гарган 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан төсвийн төсөл анхнаасаа л хэл ам дагуулсан. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр нийт орлого 4.4 их наяд төгрөг, зарлага нь 6.3 их наяд болж алдагдлын хэмжээ 2.2 наяд хүрсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос зарласан. Энэ бол хэчнээн өндөр тоонууд тавьсан ч тодотгохоос аргагүй байдалд хүрснийг бэлхнээ харуулсан. Энэ жилийн төсвийн алдагдал түүхэнд хамгийн өндрөөр бичигдэж үлдэхээр байгаа юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд 192 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг хүлээж байсантай харьцуулахад 10 дахин өндөр дүн.  


Зөвхөн Монголд биш дэлхий даяар хямарч байна гэсэн ганцхан тайлбартай. Үнэн, гэхдээ хэмнэж тэвчиж болох үргүй зардлууд урссаар байгааг иргэд шүүмжилсээр байна. Харин ч цаг хугацааны хувьд төсвийн тодотгол оройтчихоод байгааг сануулсан. Тооцоолж байсан зардлууд огцом өсөх нь нэгэнт тодорхой болчихлоо. Коронавирусын үед иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг он дуустал сунгах шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргалаа. 


Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд, эдийн засгийг царцаахгүй байх зорилгоор иргэд, аж ахуй нэгжид үзүүлж байсан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөө он дуустал үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн. Үүнд, хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал болгож, хугацааг сунгалаа. Монгол улсын хэмжээнд 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Нийт 300 тэрбум төгрөг зарцуулна. Халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэлгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгоно. Нийт 73.3 мянган хүн хамрагддаг бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Энэ арга хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувийн шимтгэл төлөхөөр болж,  өөрчиллөө. Хөнгөлөлт үзүүлж байгаа тул нийтдээ 144 тэрбум гаруй төгрөгийн чөлөөлөлт үзүүлэх юм байна. Жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 2020 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан юм байна. Ингэснээр 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.


Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргалаа. Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хойшлуулах боломжтой боллоо. 
Өнгөрсөн хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд бүтцийн өөрчлөлт хийсэн байна.  Харин энэ хөнгөлөлтийг эдлээгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж нь банкиндаа хүсэлт гарган, хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах боломж бас бүрджээ. 
Хэрэглээний зээлийн тодорхойлолтод цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хамруулдаг байна.
Өнгөрсөн гурав болон дөрөвдүгээр сард Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг хоёр  нэгж хувиар бууруулж байсан бол энэ удаад дахиж бууруулах шийдвэр гарсангүй. 


Энэ мэтчилэн төсвийн зардалд асар их тоонууд нэмэгдэж орохоор болж байна. Тэгэхээр танаж болох зардлуудыг сайтар тооцоолсон төсвийн тодотголын төсөл чуулганаар орж ирнэ гэдэгт итгэхээс өөр арга үлдсэнгүй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.10 № 152 (6377)