Б.ДОЛЖИНЖАВ
Коронавирусын улмаас хилээ хаагаад байсан ОХУ дөрвөн сарын дараа буюу ирэх сарын нэгнээс олон улсын нислэгээ Их Британи, Турк, Танзани улс руу хийхээр болжээ. Тус улс гуравдугаар сарын сүүл үеэс зөвхөн гадаадаас иргэдээ татах Засгийн газрын зөвшөөрөл бүхий тусгай үүргийн онгоц нисэхийг зөвшөөрсөн билээ. ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин “Ирэх сарын нэгнээс Москва, Санкт-Петербург, Дон дахь Ростов хотын нисэх онгоцны буудлаас олон улсын нислэг үйлдэх боломжтой” гэдгийг баасан гаригт зарласан юм. Ингэснээр Оросын иргэд Их Британи, Турк, Танзани руу аялах боломжтой боллоо. Мөн өөр 30 орон руу нислэг хийхээр хэлэлцэж байгаа аж. Орост ирж байгаа гадаадын иргэн коронавирусын шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан тохиолдолд нэвтрэх боломжтой юм байна. Гэхдээ нислэг хийж эхэлсэн ч гадаадын иргэдэд хил хаалттай хэвээрээ байх юм.
Эх сурвалж: The Moscow Times