Дамдины ЭНХЭЭ

Зургадугаар сарын 6-нд Оросын залуучуудын академик театрын (Российский академический молодёжный театр - РАМТуран сайхны удирдагч Алексей Бородин 79 нас хүрсэн бөгөөд тэрээр тус театртаа 40 жил ажиллаж байна. Бэлтгэл сургуулилтыг Zoom-ээр хэрхэн хийдэг, орчин үеийн найруулагч нарын талаар юу бодож явдаг, театруудын үйл ажиллагааг яваандаа нээхээр Оросын залуучуудын академик театр (РАМТ) ямар жүжиг тоглож үзүүлэх зэргийн талаар Алексей Бородин “Культура.РФ” порталд ийнхүү өгүүлжээ.

-Одоо бид цөмөөрөө амаргүй нөхцөл байдалд орчихоод байна. Ийм байдал бидэнд амьдрал, түүний утга учрын тухай, өөр бас бус чухаг зүйлийн талаар эргэцүүлэн тунгааж бодох боломжийг олгож байгаа болов уу?

-Ингэхэд, цаг үргэлж ямар нэг юм хийж оролдож явдаг болохоор надад одоохондоо эргэцүүлж бодох зав цаг олдохгүй л байна. Zoom-ээр бэлтгэл (бид жүжигчдийнхээ хамт “Ухаантны зовлон”-г задлан шинжлэх ажлаа үргэлжлүүлж байна) хийж байгаа болохоор сургуулилтдаа л бэлтгэж байна. Театрын 100 жилийн ой дөхөж байна, ойд зориулан ном хэвлэнэ. 40 жил ажиллаж байгаа, бас олон зүйлийг тод санаж байгаа болохоор надаас байнга л асууж тодруулдаг юм. Энэ номонд би хоёр өгүүлэл оруулахаар ажиллаж байна. Захиргаатай хамтарч бид зохион байгуулалтын асуудлыг байнга шийддэг юм. Тийм болохоор миний амьдралд бараг юу ч өөрчлөгдөөгүй гэж хэлж болно, харин театраа л маш их үгүйлэн санаж байна. Хүнд зөвхөн дотоод гэлтгүй гадаад эрх чөлөө ямар чухал болохыг өнөөгийн нөхцөл байдал бас дахин нотлон харуулж байна. Миний бодлоор амьдралд болж байгаа бүхнийг анзаарч сонирхох зөв чиг хандлагыг өөртөө заавал хадгалах хэрэгтэй юм байна.

-Видео холбоогоор бэлтгэл сургуулилтыг хангалттай бүрэн дүүрэн хийж болохоор байна уу?

-Болно. Бид жүжигчидтэй өдөр бүхэн уулзаж, бүтээлч эрч хүчээр дүүрэн байна, ер нь санасныг бодоход маш сайн ойр дотно харилцаатай байгаа шүү. Юутай ч театр оршин тогтнохын утга учир байдаг бололтой.

-“Ухаантны зовлон”-д орчин цаг үетэй хөг нийлж байгаа зүйл юу байна? Юуны учир энэ жүжгийг сонгосон бол?

-Эцсийн бүлэгт Грибоедовын амьдарч байсан цаг үеийн хийгээд өнөөгийн амьдралын асуудлууд адилхан хэвээрээ л байна. Чацкий Москва руу буцах замдаа Софья түүнд урьдын адил хайр сэтгэлтэй байгаа хэмээн бодож явдаг бол, Чацкий гэрт нь өсч бойжсон Фамусовын амьдралд хандах хандлага хуучнаараа л байв. Гэхдээ Чацкий гадагш яваад гурван жил өнгөрөх зуур хүмүүс ойртон нэгдэж, хуучны ойлголт ухагдахуун руу эргэж буцах ёстой юм байна гэдгийг ухаарсан, шинээр үүссэн бодит нөхцөл байдал руу гэв гэнэт орж ирнэ. Өөрөөр хэлбэл, эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдсөн хэдий ч шударга үнэн, ёс журам сахих, сайн сайхан зүйлийн тухай өөрийнх нь төсөөлөл өөрчлөгдөөгүй тийм нөхцөл байдалд Чацкий орно. Гэхдээ Москвад амьдарч суугаа хүмүүс муу болсон гэсэн үг биш, энд харин хоёр үнэн өөр хоорондоо зөрчилдөнө. Жишээлбэл, Александр I хаан засаглалаа либерал маягаар эхэлсэн боловч энэ нь олигтой бүтээгүй тухай энд ярьцгааж байна. Өөр ямар нэг зүйл хийх хэрэгтэй байв, ингээд Аракчеевын дэглэм, ямар нэгэн шинэ бодит зүйл үүслээ гэсэн үг. Москвагийнхны төсөөллөөр Чацкий өөрийн ухаангүй юм шиг санагдана. Хэлж, ярьж байгаа нь галзуу солиотой биш боловч харин тэнгэрээс бууж ирсэн юм шиг.  Миний бодлоор энэ бол үнэхээр сонирхолтой нөхцөл байдал.

 

 

-Жүжгийн бичлэг, боловсролын хөтөлбөрийг интернетээр шууд дамжуулсан театрын нэг нь РАМТ. Хүүхдэд зориулсан жүжиг яагаад бага байдаг юм бол?

-Хүүхдэд зориулж авьяаслаг, залуу найруулагчдын тавьсан жүжиг манай урын санд маш их бий. Үзэгчид маш дуртай, тасалбар тэр бүрий амархан олдохгүй, харин интернетээр үзүүлэх тухайд бид, харамсалтай нь, бэлэн байж чадсангүй. Ихэнх жүжиг Бага тайзан дээр, Хар, Цагаан танхимд тоглодог юм. Театрын том танхимтай адил амьд харилцаа тэр бүрий үүсдэггүй болохоор бичлэг төдийлөн сайн болдоггүй.

-Орчин цагийн хүүхдэд ямар жүжиг найруулж тавих хэрэгтэй вэ?

-Энэ маш сонирхолтой асуулт... Энэ талаар бид их бодож, хүүхдэд зориулсан бүрэн төгс жүжиг тавих боломжуудыг эрэн сурвалжилсаар л байна. Жүжиг бүрэн төгс байх гэдгийг би танхимд байгаа үзэгчдийн хариу үйлдлээр биш, харин жүжигчдэд тоглож, бэлтгэл сургууль хийхэд нь хэр зэрэг сонирхолтой байна гэдгээр харж хэмжиж байна. Хэрвээ жүжигчдэд сонирхолтой байгаа бол жүжиг хүүхдэд таалагдана. Ач, зээ нар маань өсч торниж байгаа болохоор би үүнийг сайн мэдэж байна л даа, өнөө цагийн хүүхэд жүжгээс юуг хүртэж байна гэдгийг харгалзах ёстой. Ер нь тэдэнтэй хамгийн нухацтай асуудлаар ч санал солилцож болно. Гэхдээ эрээ цээргүй, зэрлэг балмад явдлаас бяцхан үзэгчдээ ямар нэг байдлаар хамгаалж, хайрлах учиртай.

-Сурагчид ангиараа жүжиг үздэг “соёлын аян” гэх утгагүй зүйлээс театр хэрхэн салах ёстой вэ?

-40 жилийн өмнө намайг Хүүхдийн төв театрт ирж байх үест үзэгчдийн танхимыг дүүргэх цорын ганц арга зам бол соёлын аян байлаа. Үнэхээр утгагүй зүйл байсан! “Зорилтот үзэгч” хэмээх ухагдахуунаас долоон дор зүйл театрт байхгүй гэж би хувьдаа боддог. Кировын залуучуудын театрт ажиллах хугацаандаа бид өөрийн гэсэн үзэгчдийн танхимтай болоход суралцсан туршлага надад бий. Багш нарын дунд ч, үзэгчтэй ажиллах хэлтсийнхэнтэй ч бид санаа нийлсэн хүмүүсийг олж, мөн тийм ажлыг би эндээс эхлэж байсан сан. Одоо РАМТ-ын хувьд бага, дунд, ахлах ангийнхан, оюутнуудад зориулсан сонирхолтой төсөл, клубүүд ажиллаж байна. Өөрийн үзэгчид ч бүрэлдэж төлөвшсөн.

 

 

-РАМТ-т 40 гаруй жил ажиллахдаа Та байнга урагшилж, тухайлбал, 10 цаг үргэлжилж, энэ хугацаанд жүжгийн 70 дүр 35 жилийн амьдралыг туулдаг “Үл гүйцэлдэхүйн эрэг” (“Берег утопии”мэтийн огт санаанд оромгүй туршилт хийж байгаа зэрэг нь үнэхээр гайхмаар. Танд юу тусалдаг юм бол?

-Амьдралыг мэдэрч түүнд хариу үзүүлэх хэрэгтэй гэж хэлмээр санагдаж байна. Хамаг цагаа өнгөрүүлж байгаа театрт ч биш, чиний эргэн тойронд болж байгаа, хүний хувьд чамд өөрт чинь тохиолдож байгаа бүхэнд хариулах хэрэгтэй. Театр бол хөдөлгөөн. Хүний амьдрал ч ялгаагүй хөдөлгөөн, үйлдэл байх ёстой, тэгж байж сая, миний бодлоор, ямар нэг сонирхолтой зүйл бий болох байх. Чи амьдарч байгаа болохоор ямар нэг зүйлд эргэлзэж, ямар нэг зүйл олж нээхийг хүсч байгаа. Энэ бүхэн өөрөө аяндаа л болж өнгөрдөг болохоос биш, би нэг ийм туршилт хийе гэж зориуд боддоггүй. Жүжиг чамайг нэгэнт өдөөж, тэргүйгээр чи амьдрах боломжгүй болсон үед яаж найруулж тавихаа л бодож эхэлнэ. Нөгөөтэйгүүр би ГИТИС (Оросын театрын урлагийн дээд сургууль)-т олон жил оюутантай ажилласан явдал үнэхээр маш чухал, тэгээд энд, театрт залуу найруулагч нартай харилцаж, тэднээс маш хүчтэй эрч хүчний тэтгэлэг авч байна. Магадгүй энэ л надад тусалдаг байх.

-Залуучууд олон жүжиг найруулан тавьж байгаа цорын ганц театр бол РАМТ байх. Театрын төсөв үүнийг яаж даадаг юм бол? Өрсөлдөөнөөс та айхгүй байна уу?

-Надад сэхүүн зан гаргах, аль эсвэл хийдгээ хийсэн хүн гэж маадайх өчүүхэн ч зүйл байхгүй болохоор өрсөлдөөнөөс айдаггүй. Бүх найруулагчийг эрх чөлөөтэй байж, бүрэн дүүрэн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг хичээдэг. Манай захиргаа ч мөн эдгээр ажлыг санхүүгийн талаас хангахын тулд бүхнийг хийдэг.

-Уран сайхны олон удирдагч арай өөрөөр ажилладаг. ЗСБНХУ-д өсч бойжсон үеийнхнийгээ бодвол тэс өөр орчинд, Хятад улсад өсч торнисон явдал таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн болов уу?

-Тийм ээ, энэ бол асар их ач холбогдолтой байсан... Хүүхэд насандаа би элдэв дарамт шахалт, хатуу хяналт шалгалтаас ангид өссөн. Манайх дөрвөн хүүхэдтэй өнөр гэр бүл, би хамгийн том нь, гурван охин дүүтэй, хүн бүр тус тусдаа хийх ажлын чиг үүрэгтэй байсан. Ер нь онцгой эрх чөлөөтэй, баяр баясгалантай өсч өндийсөн. Орос оронд нүүж ирсний дараа ч онцын өөрчлөлт гараагүй. Эцэг эх маань Пушкинод амьдрах болсон бөгөөд миний сурч байсан сургуульд манай ангийнхан нэг л бусдаас өвөрмөц содон байсан. Одоо хүртэл бид ангиараа цуглаж уулзалддаг. ГИТИС-д эхлээд театр судлалын факультетад сурч байхад Марков, Алперс, Бояжиев нарын гайхалтай сайхан багш нар байсан. Дараа нь би Юрий Александрович Завадскийн курст элссэн маань үнэхээр азтай хэрэг болсон. Юрий Александрович болон тэр үеийн багш нар маш хүнд хэцүү он жилүүдийг туулж гарсан, юм үзэж нүд тайлсан, их юм мэддэг, гэхдээ тэр бүгдийг бидэнд дамжуулахыг нэг их хүсдэггүй байсан. Ингээд би 27 насандаа дээд сургууль дүүргэж, өөрийгөө эрх чөлөөтэй, дуртай ажлаа чөлөөтэй хийх боломжтой боллоо гэж мэдэрч байсан. За тэгээд хамаг бүх бэрхшээл сорилт эхэлсэн дээ. Дээд дарга нарын зүгээс үзүүлэх дарамт шахалт, үзэл суртлын шалтгаанаар хүнийг ажлаас халах гээд янз янзын юмтай нүүр тулсан. Гэхдээ би шударга үнэн, сахилга дэг журамтай байх талаар өөрийн үзэл бодлоосоо урвахгүй, өөрийнхөөрөө л байхыг хүсч хичээж байсан. Тэр бүү хэл ямар нэг ойд зориулж театр жүжиг найруулж тавих шаардлагатай болоход миний хувьд нөхцөл байдлаас хамаарсан ганц ч сонголт хийж байсангүй. Дайны тухай жүжиг тавихаар бол миний зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй хөндөж байсан. Ийм л маягаар өнөөдрийг хүртэл амьдарч байна.

 

 

-Та Том Стоппардын жүжгийг гурав дахь удаагаа найруулах гэж сонголоо. Түүний жүжгүүд танд яагаад тийм чухал байдаг юм бол?

-Том Стоппардын гайхалтай сайхан жүжгүүдийг би мэддэг, биширдэг байсан. Тэр бол биднээс хол амьдардаг ч гэсэн зохиолоо маш өвөрмөц, сонирхол татахаар, тун чадалтай бичдэг хүн. Нэг удаа Аркадий Островский надад Стоппардын “Үл гүйцэлдэхүйн эрэг” хэмээх шинэхэн жүжгийг авчирч өгсөн юм. Энэ бол тавдугаар сарын 21-нд, охины маань төрсөн өдөр байж таарсан юм; би тэр жүжгийг уншаад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Тэр цаг мөчөөс хойш миний амьдралын шинэ, бүтээлч үе шат эхэлсэн гэж хэлж болно. Энэ зохиолыг би яав ч зүгээр өнгөрүүлж болохгүй, Стоппардын зохиомжилсон ийм сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд, ийм агуу эх бичвэр, оюуны шинэ санааг би дахиж хэзээ ч олж харахгүй гэдгийг гэв гэнэт ухаарч ойлгосон. Түүний зохиолд бичсэн зүйл бол бидний тухай, миний тухай юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид бол тэртээ 1917 онд хувьсгал хийсэн тэр хүмүүсийн үр хойч биш, өөрсдийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, өөрсдийн үйл гүйцэлдэхүйг бүтээж байгаа жүжгийн үйл явдлын баатрууд юм байна гэх мэдрэмж. Тэгээд л энэ жүжгийг гарцаагүй тавих ёстой гэсэн гүн бат санаа бодол төрсөн. Өөр ямар ч хувилбар байхгүй. “Үл гүйцэлдэхүйн эрэг” жүжгийг найруулж тавихаар шийдсэнийг минь Стоппард олж мэдээд, надтай утсаар ярьж, хэзээ л бол хэзээ ирэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Тэгээд хоёр гурван удаа ирж, сургуулилтыг маань үзсэн. Энэ үеэр “Үл гүйцэлдэхүйн эрэг” жүжгийг Лондонд тавьж, манайд, бас Нью-Йоркт сургуулилт хийж байсан бөгөөд Стоппард хэдийгээр нас өндөр болсон ч нааш цааш ниссээр байсан. Манайд байхад түүнд тааламжтай байсан, жүжгийн нээлтийг үзээд үзэгчид маш сайхан хүлээж байгааг харж гайхсан. Тийнхүү бид дотно нөхөрлөх болсон. Цаашид хамтран ажиллах хэрэгтэй гэдгээ хэн хэн маань ойлгосон. Тун завгүй байсан болохоор би Адольф Шапирог “Rock-n-roll”-ыг манайд тавиач гэж хүссэн. Ер нь Стоппард үнэхээр гайхмаар театрын авьяастай хүн. Түүний зохиолыг уншихад үнэхээр сонирхолтой, харин жүжигчид тоглоод ирэхээр шал өөр ертөнц нээгддэг юм.

-Стоппардын “Леопольдштадт” хэмээх шинэ жүжгийг та яагаад сонгосон бэ?

-Энэ жүжигт 1899-1950 оны хооронд, Вена хотын еврейчүүдийн Леопольдштат дүүрэгт оршин суудаг нэг гэр бүлийн хувь тавилан нэвт гардаг юм. Жүжгийн баатрууд ХХ зууны бүхий л хүнд бэрхийг туулж, зовлон жаргалыг амсаж эдэлдэг юм. Тэдний хувийн амьдралаар үйл явдал өрнөх бөгөөд хүн алдах нь их ч гэсэн алдаж, олж байгаа нь надад маш чухал байдаг. Гэхдээ хамгийн гол нь дурсамж үлддэг.

-Үзэгчийн хувьд танд юу сонирхолтой вэ? Москвад тоглож байгаа жүжгээс та юуг үзэхийг зөвлөмж болгох бол?

-Миний хувь хариулахад хэцүү асуулт байна, завгүй болохоор найруулагч нар бие биенийхээ жүжгийг тун ховор үздэг юм. Өчигдөр, жишээлбэл, би огт өөр юм хийх зорилгоор Римас Туминасын “Евгений Онегин” жүжгийн зарим хэсгийг үзлээ. Тэгээд ер нь би огт зогсч болохгүй юм байна гэдэг бодол гэнэт төрлөө. Цаг орой болж, унтаж амрах шаардлагатай хэдий ч би өнөөх жүжгийг үзсээр л байсан. Би уг нь энэ жүжгийг театрт үзсэн л дээ, сайн санаж байна, гэхдээ өчигдөр яагаад ч юм надад цоо шинэ сэтгэгдэл төрсөн. Дашрамд хэлэхэд би “Алтан маск”-ын шүүгчээр гурван удаа, хоёр удаа шүүгчдийн ахлагчаар ажиллаж байсан, олон зүйл надад сонирхолтой байдаг. Хамгийн гол нь жүжиг бол хүмүүнлэг, театрын, бас агуулгын хувьд эрч хүчтэй байх ёстой.

 

 

-Жүжигчин, найруулагч залуучуудын шинэ үе танд ямар сэтгэгдэл төрүүлж байгаа вэ?

-Гайхалтай сайхан залуус! Том, Бага аль ч тайзан дээр жүжиг найруулж тавихад бэлэн найруулагчдын шинэ үе манай театрт ирсэнд би үнэхээр баяртай байгаа. Хөл хорио тогтоохын өмнөхөн Егор Перегудов Том тайзан дээр “Ромео Жульетта хоёр” жүжгийг гайхалтай сайхан найруулж тавьсан, Катя Половцева өөрийгөө тусгаарлах үйл явц эхлэхийн дөнгөж өмнөхөн Хар танхимд Ионескогийн “Лысая певица”-г тоглууллаа. Олег Долин одоо Zoom-ээр “Хожуу ургасан цэцэг” (“Цветы запоздалые”) жүжгийн сургуулилт хийж байна, Кирилл Вытоптов мөн тийм маягаар Пушкины “Белкины туужууд”-ийг үргэлжлүүлэн “Барышня-крестьянка”-г бэлтгэж байна. Дөнгөж өчигдөр жүжгийн зохиолч Полина Бабушкина бидний ажиллаж байгаа Алексей Варламовын “Душа моя, Павел” романыг жүжгийн зохиол болгосон ээлжит хувилбарыг надад авчирч өглөө. Би энэ жүжгийг тавих ёстой, сургуулилтыг зэрэгцүүлж л хийдэг байх даа. Бидний ажил үйлсийг зогсоосон энэ бүх саад бэрхшээлийг бид яаж ийгээд давж туулна даа л гэж бодож, залбирч явна даа.

 

-Хөл хорио дууссаны дараа үзэгчид ямар жүжиг үзэхийг хүсэх талаар та ямар бодолтой байна вэ?

-Бидний хүсч байгаа, тоглож чадах жүжгийг л үзнэ гээд бүдүүлэг байдлаар хэлж болох уу? Үзэгчид сонирхож үзэх байх гэсэн итгэл найдвар төрж байна. Одоо бид цөмөөрөө л ав адилхан зовлон амсч байгаа шүү дээ. Мэдээжээр, олон зүйл тодорхойгүй байна, гэхдээ амьдралыг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Одоо сэтгэлээр унахгүй, бүрэн дүүрэн оршихын тулд амьдрал зориг тэвчээртэй байхыг шаарддаг. Энэ бол амьдралд элдэв юм юу ч тохиолдохгүй гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ тэр бүгдийг ил гаргадаг. Үзэгчдээ шатрын байрлалаар уу, эгнээ алгасуулж суулгах уу гэдэг одоо хүртэл тодорхой биш л байна, гэхдээ яаж суулгах нь тухайн үедээ болдгоороо болно биз. Харин бид хийж болох бүхнээ л хийх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.22 № 139 (6364)