Б.ТӨГС
Цар тахлын нөлөөгөөр уул уурхайн голлох бүтээгдэхүүний ханш энэ онд маш хэлбэлзэлтэй байна. Түүнчлэн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, газрын тосны экспорт энэ онд төлөвлөгөөндөө хүрч чадахгүй нь тодорхой болоод байна. Олон улсын эдийн засаг, тоглогч орнуудын нөхцөл байдлаас бүрэн шалтгаалдаг түүхий эдийн ханшийг тоймлон хүргэе.
ЗЭСИЙН ҮНЭ 2010 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНД ХҮРЧЭЭ
Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ энэ сарын 10-ны байдлаар 6230 ам.долларын ханштай байв. Хэдийгээр цар тахлын улмаас зэсийн үнэ буурч өнгөрсөн гуравдугаар сард хамгийн бага төвшиндөө хүрээд байсан боловч сүүлийн өдрүүдэд Лондоны Металлын биржид үнэ нь илт сэргэж, гуравдугаар сартай харьцуулахад 30 гаруй хувиар өсөөд байна. Энэ үнэ нь 2010 оноос хойшхи хамгийн таатай, өндөр дүн болохыг шинжээчид дүгнэжээ. Үүнд нэг талаас улс орнуудын хөл хорио харьцангуй суларч, БНХАУ-ын эрэлт сэргэж байгаа, нөгөө талаас гол нийлүүлэгчдийн нэг болох Чили улсын экспорт халдварт өвчнөөс шалтгаалан тасалдах эрсдэлтэй байгаа нь нөлөөлж байгаа аж.
Манай улс энэ оны эхний хагас жил 666 мянган тонн зэсийн баяжмалыг 730 сая ам.доллараар экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 10 хувь, мөнгөн дүнгээр 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин сүүлийн сард зэсийн үнэ ийнхүү огцом өсч байгаа нь манай улсын хувьд алдагдлаа нөхөх таатай боломж болоод байна.
НҮҮРСНИЙ ҮНЭ УНАСАН ХЭВЭЭР БАЙНА
Энэ сарын 10-ны байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 116 ам.доллар байгааг Монголбанкнаас мэдээлжээ. Халдварт өвчний улмаас нүүрсний үнэ бууралттай хэвээр байгаа бөгөөд сайжрах төлөв харагдахгүй байна. АНУ, Хятадын худалдааны маргаан, БНХАУ-ын дотоотын үйлдвэрлэл сэргэхийн хэрээр нүүрсний үнэ бага төвшинд хадгалагдах хэвээр бололтой.
Манай улс энэ оны эхний хагас жилд нийт 8.5 сая тонн чулуун нүүрсийг 677.7 сая ам.доллараар экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1-2.2 дахин багассан дүн юм. Манай гол хэрэглэгч зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний импорт тавдугаар сард 4.79 сая тонн болж, жилийн өмнөхөөс 19, сарын өмнөхөөс 24 хувиар буурсан. Үүний улмаас импортоор худалдаж авсан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа дунджаар жилийн өмнөхөөс 10 ам.доллар, сарын өмнөхөөс 16 ам.доллараар буураад байгаа нь энэ юм.
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨНДИЙХГҮЙ НЬ
ОПЕК-ийн нэгдэл олборлолтоо бууруулсан, АНУ дахь нөөц өмнөх долоо хоногоос нэмэгдсэн, олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны эрэлтийг тавдугаар сарын төсөөллөөс нэмэгдүүлсэн хэдий ч цар тахлын тархалт огцом нэмэгдсэн нөлөөгөөр үнэ нь олигтой нэмэгдэж чадахгүй байна. Энэ сарын 10-ны байдлаар баррель нь 43 ам.доллар болсон брэнт төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн сарын сүүлээр 42 ам.долларын ханштай байсан юм. Хэдийгээр улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт бага зэрэг сайжирч, сэргэж байгаа боловч газрын тосны салбарын зах зээл уналтын бүсэд хэвээр байна. АНУ-д агуулахууд түүхэн дээд хэмжээндээ дүүрээд байна. Манай улс энэ оны эхний хагас жилд 926.7 мянган баррель газрын тосыг 33.2 сая ам.доллараар экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 3.4 дахин, мөнгөн дүнгээр тав дахин бага байна. Монгол Улс энэ онд 6.6 сая баррель газрын тос экспортолж, улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан ч хагас жилийн биелэлт дөнгөж 14 хувьтай байгаа юм.
Нью-Йоркийн худалдааны биржид нэг баррель газрын тосны үнэ 2020 оны эхний хагас жилийн дунджаар 38.3 ам.доллар болж, өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 33.2 хувиар буурсан ерөнхий дүн байна.
Түүнчлэн ямар ч эрсдэлтэй нөхцөлд ханшаа алддаггүй, улам чангардаг буюу найдвартай хөрөнгө оруулалт гэж тооцоогддог алтны эрэлт өндөр хэвээр байна. Алтны үнэ Лондонгийн металлын биржид 2020 оны эхний хагас жилийн дунджаар 1647.1 ам.доллар болж, өмнөх оны мөн үеийн дунджаас 26 хувиар өсөөд байгаа юм. Харин төмрийн хүдрийн үнэ 101 ам.доллар болж өмнөх долоо хоногоос харьцангуй нэмэгдлээ. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл сэргэж, боомтууд дээрх нөөц нэмэгдэж байгаа. Мөн хөл хорионы улмаас Бразил улсын нийлүүлэлт буурахаар байгаа хэдий ч энэ нь богино хугацаанд шийдвэрлэгдэх хүлээлтийн нөлөөгөөр үнэ нь өмнөх долоо хоногоос ийнхүү нэмэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.21 № 138 (6363)