Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд долдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Уг өдрийг долдугаар сарын эхний хагас сайн өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 47.90 тоот тогтоолоор анх 1995 оны эхний хагас сайн өдөр Олон улсын хоршоологчдын өдрийг жил бүр тэмдэглэж байхаар болсон байна. Дэлхийн 100 орны хоршоолын 760 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хоршоологчдын эвсэл 1995 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон хэлэлцүүлэг жил бүр болдог. Уг хэлэлцүүлэгт манай орноос идэвхитэй оролцож, хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл, цаашдын зорилтын талаар танилцуулж байв. Манай улс хоршооллыг дэмжих талаарх олон улсын хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулдаг аж.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1608.07.03. Өнөөгөөс 402 жилийн өмнө Самюэль де Шамплен Квебек цайз хотыг үндэслэжээ. Канадын нутагт анхлан хөл тавьсан хүн нь Жак Картье байсан бөгөөд тэрээр 1534 оны зургадуугаар сарын 24-нд Гаспегийн хойгт бууж уг газар нутгийг Францын хааны эзэмшил гэж зарласан юм. Картье өөрийн хоёр ба гуравдугаар аялалаараа Хувилгаан Лаврентия голоор дээш өгсөн Гурон ба Ирокезийн нутаг хүртэл явж тэр хавийг бас л Францын мэдлийнх гэж зарлажээ. Үүнээс хорь гаруй жил өнгөрсөний дараа Францын жуулчлагч Самуэль де Шамплен 1570–1635 Хувилгаан Лаврентийн эрэгт Квебек гэсэн цайз хотын үндсийг тавьсан ба тэр нь нутгийн индианчуудын хэлээр Нарийний хөндий гэсэн үг аж. Суурины хүн ам нь эхлээд 28 хүн байсан ба суурин удалгүй үслэг эдлэлээр баяжин тошм цэцэглэж байгаа боомт хот болсон байна. Өдгөө Квебек нь франц хэлтнүүдийн мужийн нийслэл юм.
1700.07.03. I Петр хааны 1695-1696 онуудын Азовын аян дайны үр дүн болсон Константинополийн энхийн гэрээ байгуулагджээ. Бүтэн хагас зууны турш Орос, Турк хоёр гайгүй харьцаатай байлаа. 1696 онд 23 настай хааны толгойлсон Оросын арми Дон мөрний цутгалан дахь Туркийн Азов цайзыг эзлэн авсан нь Воронежын хөлөг онгоцны үйлдвэрт Оросын флотыг босгох боломжийг өгснөөс гадна Туркийн боомтыг оросууд хүчирхэг цайз болгосон байв. Оросын флотыг Хар далайд гаргах Петрын эрмэлзэлийг дэмжих хамсаатанууд олдоогүй учир тэрээр Константинополийн гэрээгээ байгуулаад Балтийн тэнгист нөлөөгөө тэлэхэд хамаг анхаарлаа хандуулсан байна.
1885.07.03. Карл Бенц 125 жилийн өмнө өөрийн анхны автомашины туршилтыг хийжээ. Тэрээр анхны автомашинаа 1885 онд бүтээсэн байна. ТОэр нь хоёр суудалтай гурван дугуйтай машин байв. Ганц цилиндртэй дөрвөн актовын бензинэн хөдөлгүүрийн тэр машиндаа тавьсан байжээ. Машин нь цагт 16 км-ын хурдтай байсан нь тухайн үедээ том амжилт байв. Карл Бенц өөрийн анхны машины хувиа 1906 онд Мюнхены музейд бэлэглэсэн байна. 1936 онд автомашиныхаа 50 жилийн ойгоор түүнийг гурван хувийг бүтээн Вена хотын Техникийн музей, Дрездены тээврийн хэрэгслийн музей болон Штутгардын «Mercedes-Benz» музейд тавьсан байна.
Эх сурвалж www.zms.mn