А.МАРАЛМАА

 

Дулаан цаг ирж, аялал жуулчлалын тоо нэмэгддэг энэ үед дасгал, амралтын төгс зохицол болсон сэлүүрт тавцан хэмээх бизнес эхлүүлжээ. Үүнийг санаачлагч О.Баасанбаярыг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьсан юм.

 

-Шинэ бизнес эхлүүлж байгаа гэсэн. Энэ талаар танилцуулахгүй юу?

-2016 онд АНУ-д байхдаа серфингийн спортыг сонирхож эхэлсэн. Серфинг нь далайн давалгаан дээр тавцангаар гулгадаг спорт юм. Манайд далай байхгүй болохоор хичээллэх боломжгүй. Дараа нь Филиппинд очоод сэлүүрт тавцан дээр гулгаж үзэхэд урсгал, тогтонги, нуур, далай гээд ямар ч усан дээр явж болох учраас манай нөхцөлд тохиромжтой гэж үзсэн. Анх зөвхөн өөртөө сэлүүрт тавцан авахаар үнийг нь судалсан. Нэг ширхгийг захиалахад үнэтэй байсан учраас олноор нь захиалсан. Ингээд тавцан ирсэн эхний өдрөө найзуудтайгаа хамт Баянзүрхийн товчооноос Зайсан хүртэлх 15-16 км газрыг гурван цаг хагасын дотор туулсан. Тэр өдөр бороо орж хүйтэн байсан ч их хөгжилтэй байсан. Энэ үеэс л сэлүүрт тавцанг хүмүүст сонирхуулъя гэж бодсон. Ер нь хүмүүст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар ховор байдаг болохоор шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулж сэлүүрт тавцангийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн. 

-Сэлүүрт тавцан унаснаар хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Сэлүүрт тавцан дээр зогсоод явахад биеийн бүх булчин жигд ажиллана. Суугаад сэлүүрдэхэд мөрний болон гэдэсний булчинг ачааллуулдаг. Жингийн илүүдэлтэй хүн хичээллэвэл жин хасах давуу талтай. Ер нь дасгал болон амралтыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг.

-XVIII зуунд Хавайн уугуул иргэд сэлүүрт тавцанг үүсгэж байсан. Мэдээж тэдний орчинд тохиромжтой. Харин манайд хэр тохиромжтой вэ?

-Сэлүүрт тавцан нь ямар ч усан гадаргуун дээр явах боломжтой тул манайд мөн адил тохиромжтой. Туул голоор явахад их хөгжилтэй байсан. Харин Хөвсгөлийн ус их хүйтэн учраас тухгүй санагдаж магадгүй. Гэхдээ усны хамгаалалттай хувцас өмсвөл ямар нэг асуудал гарахгүй. Ерөнхийдөө Өгий, Буйр нуур дээр илүү тохиромжтой байх.

-Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Би найзтайгаа хамт чиглүүлж, зааварчилна. Аврах хантааз өмсүүлж аюулгүй байдлыг нь хангаж ажиллана. Хэрэв сэлж чаддаггүй хүн байвал тогтонги усан дээр явах боломжтой.

-Анхлан суралцагчдад зориулж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Анх удаа унаж байгаа хүмүүс их сандардаг. Тавцантай холбогдох бэхэлгээ байдаг болохоор уналаа гэж бодоход живэх аюул байхгүй. Хамгийн гол нь сандралгүйгээр тэнцвэрээ сайн хадгалахыг зөвлөе. Ер нь эвсэлтэй хүмүүс таван минутын дотор л сурчихдаг. Урсгал голд эргүүлэг, мод, чулуу гэсэн гэнэтийн эрсдэл хүлээж байдаг. Тиймээс би өөрөө зааварлагчаар хамт явдаг.

-Сэлүүрт тавцанг унахад нас, жингийн хязгаар байдаг уу?

-Сэлүүрт тавцан нь тодорхой хэмжээтэй. Манай сэлүүрт тавцангууд гурван метр 20 см-ийн урттай, 150 кг хүртэлх жинтэй хүмүүс сууж болно. Түүнээс доош жинтэй ямар ч хүн сууж болно. Хүсвэл аль ч насны хүмүүс хичээллэж болно.

-Монголд энэ төрлийн бизнес хараахан эхлээгүй байгаа. Танайхаас ямар хөтөлбөр санал болгож байна вэ?

-Одоогоор дөрвөн цагийн хөтөлбөрөө 60 мянган төгрөгөөр үнэлээд байна. Энэ хугацаанд бүх зааварчилгаа, аюулгүй байдлыг хариуцна. Go-Pro-гоор зураг дарж, бичлэг хийж үйлчилнэ. Одоогийн байдлаар найзуудынхаа хүрээнд л сэлүүрт тавцангаа унаж байна. Ирэх сараас албан ёсоор үйлчлүүлэгчдээ авч эхэлнэ. Удахгүй “Монгол микс прожект” компани “Агаарт” хэмээх цуврал аяллыг зохион байгуулах гэж байгаа. “Агаарт аюулгүй, ээлтэй, нөхөрсөг аялцгаая” уриатай энэ үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Цуврал аяллын эхнийх нь Өгий нуур дээр болох юм.

-Үүнийг спорт гэж үзэх үү эсвэл таны сонирхол уу. Хэрэв спорт бол цаашид яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Энэ бол спорт, бас сонирхол. Би ер нь ашиг олох бизнес талаасаа монголчуудад сэлүүрт тавцанг таниулахыг хүсч байна. Энэ төрлийн спортод залуучуудыг дуртай болгох, хичээллэх хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)