Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Тусгаар тогтносон Украины түүхэнд анхных болох Үндсэн хуулийг 1996 онд баталсан байна. Депутатууд хоёр өдөр нойргүй ажиллан ерөнхийлөгчийн бүх саналыг хүлээн авч түүний дагуу засвар оруулан уг хуулийг баталжээ. Өнөөдөр энэ анхны Үндсэн хуулийн заалт бүрд нь засвар орж шинэчлэгдсэн байгаа. Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа 1992 оны нэгдүээр сарын 13-нд баталж байжээ. Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ. Эцэст нь хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн баталсан байна. Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1569.06.28. Польш, Аугаа Литвийн вант улс хоёр нэгдэн Речь Посполитая гэх нэгэн улсыг үүсгэсэн гэрээнд гарын үсэг зурагджээ. Речь Посполитая нь өнөөгийн Европын холбооны маягийн системыг тэр гэрээгээр үүсгэжээ.
1841.06.28. Парисын Гранд-Опера театрт Адольф Аданы “Жизель” гэх хоёр үзэгдэлт бүжгийн жүжгийн анхны нээлт болсон байна. Бүжгийн жүжгийг Италийн Карлотта Гризи гэх жүжигчин эмэгтэйд зориулан бүтээсэн ба энэ жүжиг түүнийг дэлхийн хэмжээний од болгосон билээ. Анхны тоглолт маш амжилттай болсон байна.
1914.06.28. Австрийн эрцгерцог Франц Фердинандын аминд халдав. Сараевод болсон энэ аллага Дэлхийн I дайн эхлэх шалтаг болжээ. Австрийн эрцгерцогийн амийг Гаврил Принцип, Данил Илич нарын толгойлсон “Залуу Босни” гэх нууц байгууллагынхан хөнөөсөн байна. Түүний дараа тус байгууллагыг хааж удирдагч нарыг нь цаазалсан билээ. Үүнээс өмнө долдугаар сарын 23-нд Австр-Унгар Сербид тулган шаардалт хийж иргэдээ хамгаалахаар цэргээ оруулна гэсэн байлаа. Серби шаардлагын ихэнхийг хүлээн авсан боловч долдугаар сарын 28-нд Австри-Унгар Сербид дайн зарлав. Ингэж эхэлсэн дэлхийн I дайнд 38 улс оролцож, 74 сая хүн цэрэг татлагад хамрагдснаас 10 сая нь алагджээ.
Эх сурвалж www.zms.mn