Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр "Олон улсын загас агнуур"-ын өдөр тохиож байна. Дэлхийн хүн амын загас, далайн бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн 50 жил хурдацтайгаар өсчээ. Энэ хэрэглээнээс үүдэлтэй хориотой загас агнуурын хэрэг ихэссэн байна. Харин 1984 онд Ром хотноо болсон загас агнуурын хөгжлийн талаарх олон улсын чуулганаас "Олон улсын загас агнуурын өдөр"-ийг санаачилж 1985 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Дэлхийн хүн ам уургийн хэрэглээнийхээ 17 хувийг загаснаас авдаг. Харин нийт хүн амын 12 хувь нь энэхүү амьтныг голлон хүнсэндээ хэрэглэдэг байна. Сүүлийн жилүүдэд загас үржүүлгийн газар олноор бий болсны 60 хувийг Хятад улс дангаараа эрхэлдэг аж. Монгол Улсын хүнсний хэрэгцээнд загасны бүтээгдэхүүн ордог болсон ч, голдуу гадаадаас авчирч хэрэглэсээр байна. Монгол Улсын Хөвсгөл, Өгийнуураас загас бага хэмжээгээр олборлож, гар аргаар хатаасан цөөвтөр бүтээгдэхүүнийг захын худалдаанд гаргадаг юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1754.06.27. Энэ өдөр Оросын хатан хаан Елизавета Петровна итали уран барилгач Растреллийн бүтээсэн Өвлийн ордны зураг төслийг баталжээ. Ордон нь дөрвөн өнцөгт бүтүүгээс бүрэлдсэн бароккогийн стилээр баригдсан юм. Оросын хаад амьдарч байсан уг ордонг 1922 он гэхэд Улсын Эрмитажид дамжуулан өгсөн байлаа.

1937.06.27. Берлинд болсон цуглаан дээр протестантлам Мартин Нимеллер  өөрийн алдартай мөргөлөө уншин Адольф Гитлерт захирагдахгүй байхыг уриалжээ. Хэд хоногийн дараа түүнийг баривчилж дараа нь хорих лагерьт хоригдсон ч амьд үлдсэн байна. Дайны дараа  тэр дайны эсрэг тэмцэгчдийн лидерүүдийн нэг болжээ.

1954.06.27. Москва орчмын Обнинскт 5 Мвт-ын хүчин чадалтай дэлхийд анхных болох Атомын цахилгаан станц ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ. 1951 онд Зөвлөлтийн Засгийн газар атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглахаар тэнд АЦС барих шийдвэр гаргасан байв.  Обнинскийн АЦС-ыг 2002 онд хаажээ.

Эх сурвалж www.zms.mn