Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Мансууруулах бодис тараахтай тэмцэж буй түүх нь  бараг 100-аад жил өрнөж байгаа. 1909 оны хоёрдугаар сард Шанхайн опиумын комисс цугларч анхлан 13 орон түүнд оролцсон. Азийн орнуудаас мансууруулагч тараахад нь хязгаарлалт хийх замыг ярилцаж байв. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд жил бүрийн энэ өдрийг Мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон зарлажээ. Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг орон юм. Монгол Улсын төр мансууруулах бодисын талаарх олон улсын санал, санаачилга болон үүрэг, зорилтыг хангахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2002 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж, 2002 онд баталсан Эрүүгийн хуульд дээрх төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг бий болгож, 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1284.06.26. Немцийн Гамельне хотноо нэгэн эмгэнэлт түүх болжээ. Хотыг эзэлсэн харх наас салахын тулд оршин суугчид нь юу ч хайрлахгүй гэж байжээ. Гэтэл нэгэн танихгүй хүн гарч ирээд хархыг нь сайн шангаар хөөж өгөхөөр болсон гэнэ. Тэгээд тэр лимбэ үлээн хөгжмөөрөө хархнуудыг хотоос гарган усанд живүүлжээ. Ийм амархан юм байсан юм уу гээд хотынхон түүнд шангийг нь өгсөнгүй. Дараагийн өдөр нь хотод лимбэ дуугаран 130 хүүхэд багачууд шидтэнг дагаж яваад Вазер голд живэн осолджээ. Энэ түүхийг ах дүү Гримм “Гамельны харх баригч” гэсэн үлгэртээ өгүүлсэн байдаг. Харин домгоор бол энэ өдөр хотын гай иржээ.

1870.06.26. Рихард Вагнерын “Валькирия” дуурийн нээлт болжээ. 140 жилийн өмнө Мюнхены хааны ордоны дэргэдэх театр “Нибелунгийн цагираг” гэх дуурийн  гурвалын хоёр дахь болон Рихард Вагнерын “Валькирия” дуурийн нээлтийн тоглолт болов. Хөгжмийн зохиолч өөрөө уг дуурийн либреттог эртний скандинавын үлгэр домгоос үндэслэн бичсэн байлаа.

Эх сурвалж www.zms.mn