П.МӨНГӨНСОР, Ш.НОМИНДЭЛГЭР

 

Амралт зугаалга эхэлсэн энэ үед хог хаягдлын асуудал хөндөгддөг. Иргэд аялж зугаалахдаа хогоо байгальд ил задгай хаях нь ажиглагддаг. Ялангуяа, бидний хэрэглэдэг ус ундааны сав, гялгар уут, хуванцар материал байгальд задрахдаа 200-1000 жил болдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Мөн жилд таван сая хуруу зай байгальд хаягддаг гэсэн судалгаа бий. Зай нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити гэсэн хүнд металл агуулдаг учраас байгальд төдийгүй хүний биед ч хортой. Тиймээс жирийн хог хаягдалтай хамт хаялгүй, ангилах нь зөв юм. БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц аяны хүрээнд “Хоггүй цэвэрхэн Монгол” аянг өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл зохион байгуулсан. Аян 21 аймаг, нийслэлийг хамарч, төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, хог хягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд зохион байгуулсан юм. Мөн иргэд идэвхтэй оролцон ойр орчмынхоо 50 метрийн талбайг сайн дураараа цэвэрлэсэн байна. Сар бүр нэг сэдвийн дор уралдаан зарлаж, ялагчийг нь урамшуулах хэлбэрээр зохиосон юм. Тухайлбал, арванхоёрдугаар сард “Хогийн савтай болъё” уриан дор аймгууд 2000 ширхэг стандартын шаардлага хангасан хогийн савтай болсон гэсэн дүн байна. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтэн К.Амарбаясгалан “Орон нутгийн болон нийслэлийн иргэдийн хог хаягдалд хандах хандлага их өөрчлөгдсөн гэж бодож байна. Монголын хойч ирээдүй хоггүй болно гэсэн итгэлтэй байна” гэлээ.

Дорноговь аймгийн Айраг сумын бүсгүйчүүд
хуванцар сав цуглуулах бүтээлч хогийн сав.

Мөн найман аймагт улсын төсвөөс хог бутлагч машин өгсөн байна. Цаашид бүх аймагт өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Хогоор бүү хорло”  сарын аянг зохион байгуулж эхлээд байна. Энэ талаар тус албаны ахлах мэргэжилтэн Б.Анура “Хогийг эх үүсвэрээр нь ангилж, түүний хор уршгийг таньж мэдэх, хаягдлыг багасгах мөн бидний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин хэрхэн доройтож буйг иргэдэд ойлгуулахад аяны гол зорилго оршино. Хэдий хэсэгчилсэн арга хэмжээ боловч мэдээлэл 21 аймагт хүрч байна. Иргэд албан байгууллагууд энэ аянд нэгдсэн зураг, бичлэг, сэтгэгдлээ идэвхтэй ирүүлсээр байгаа. Мөн Зөрчлийн албанаас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг Туул, Сэлбэ, Улиастай голын эрэг орчимд өдөр бүр шалгалт хийж автомашинаа угаасан, хог хаягдлаа ил задгай хаясан зөрчлийг илрүүлж байна. Хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая хүртэлх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авдаг. Манай аянд энгийн иргэд, сошиал инфлүүсэрүүд, урлаг соёлын алдартнууд болон аж ахуйн нэгжүүд нэгдэж бусдыгаа уриалж байгаа нь том нөлөөлөл гэж бодож байна. Ялангуяа, “Энержи Ресурс”, “Наран Эло” компани нэгдэн байгальд нөхөн сэргээлт хийж байгаа бичлэгээ ирүүлсэнд баяртай байна” гэлээ.

Аянд нэгдэж буй “Black Ocean” кофе шопын үүсгэн байгуулагч О.Ганжигүүр “Кофены хуванцар болон цаасан аягыг нэг удаа хэрэглээд хаядаг учраас манай кофе шопт аягаа авчраад үйлчлүүлээрэй. Бидний хаягдал  байгаль орчныг бохирдуулдаг. Тиймээс энэ аянд нэгдсэнээр хог хаягдлын талаар хүмүүст бага ч болов ойлголт өгнө гэж найдаж байна. Мөн бусад кофе шоп, үйлчилгээний байгууллагыг нэг удаагийн хэрэглээнээс татгалзахыг уриалж байна” гэв.

Мөн “Зөв ашиглая, дахин хэрэглэе”, “Хашаандаа сайхан амьдаръя” уралдааныг зохиож байгаа бөгөөд оролцогчид шил лааз, сонингийн цаасыг дахин ашиглаж хийсэн бүтээлээ ирүүлж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумын бүсгүйчүүд хуванцар сав цуглуулах бүтээлч хогийн сав хийж сумандаа бэлэглэсэн сайн жишээ байна.

Сүүлийн үед аж ахуйн нэгж, орон сууцнуудын үүдэнд хогоо ангилан хаях сав байрлуулсныг харсан гэдэгт итгэлтэй байна. Энэ багц хөтөлбөрийг 2017 оноос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Шинэчлэн баталсан “Хог хаягдлын тухай хууль”-аар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартад нийцсэн хогийн савтай байх, энгийн хог хаягдлаа ангилан ялгах ёстой. Мөн шаардлага хангаагүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог.

 

А.Нямдорж:“Бид хогоо ангилмаар байна” уралдаан зарлана

Хуулийн хэрэгжилт болон хөтөлбөрийн талаар “Эрүүл мэнд нийгмийн хүрээлэн”-гийн тэргүүн А.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Эх үүсвэрээр нь ангилах хогийн сав хэдэн дүүрэгт байршиж байна вэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө хогийн саваа хийх хэрэгтэй юу?

-Хог ангилан ялгах төсөл 2017 оноос эрчимтэй явагдаж байна. Ажлаа эхлэхийн тулд бид айлд өрхүүдээс болон аж ахуйн нэгжүүдээс ямар хэмжээтэй хог гардаг, хэдэн хувийг нь дахин боловсруулах боломжтой талаар судалгаа хийхэд нийслэлчүүдийн 87 хувь нь хогоо ангилахад бэлэн. Харин зориулалтын хогийн сав хэрэгтэй гэсэн. Эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэхийн тулд Захирагчийн ажлын албанаас хүсэлт гаргасан 20 СӨХ-нд стандартын хогийн сав өгч, сургалт явуулсан. Энэ ажлын хүрээнд бусад СӨХ, хотхонууд идэвхжин өөрсдийн санаачлагаар сав хийж эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд хууль, журмынхаа дагуу стандартын хогийн савтай байх ёстой. Тиймээс бүгд хогийн саваа бий болгох хэрэгтэй. Өнгөрсөн онд БОАЖЯ-наас энэ ажлыг дэмжиж Сүхбаатар дүүргийн 20 цэгт, энэ онд Хан-Уул дүүрэгт 10 ширхэг, Баянзүрх дүүргийн XXVI хороонд 10 ширхэг хогийн сав өгсөн. Одоогоор 105 байршилд стандартын хогийн сав байршуулсан. Бид бүх дүүргээ хамруулахыг зорьж байна. Удахгүй СӨХ, хотхонуудын дунд “Бид хогоо ангилмаар байна” уралдааныг зарлаж ялсан СӨХ-д 4.8 сая төгрөгийн үнэтэй ухаалаг хогийн сав өгөхөөр төлөвлөж байна.

-Ангилсан хогоо яаж зөөвөрлөж байна вэ?

-Бид “МОГ Пластик” хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй хамтран машинаар нь ангилсан хогийн савтай хотхон, СӨХ-ны хогийг ачуулж байна. Ангилсан хогийг үнэгүй авдаг. Харин ангилаагүй үлдсэн хогийг тухайн дүүргийн ТҮК хариуцан ажиллаж байгаа. Мөн энэ онд дүүрэг бүрт зөвхөн ангилсан хог тээвэрлэх зориулалтын нэг машин өгч байна.

-Дахин боловсруулах үйлдвэр нийт хог хаягдлын хэдэн хувийг боловсруулдаг юм бол?

-Хог хаягдлын 20 гаруй хувийг дахин боловсруулж байна. Бид технологийн дэвшлийг ашиглан шинэ систем нэвтрүүлж байгаа. Хэрэв хогийн сав дүүрсэн тохиолдолд хажууд нь байрлах бар кодыг утасны апп-аар уншуулна. Энэ мэдээллийн дагуу машинууд хаашаа явж, хэдэн кг хог хаягдал зөөвөрлөхөө мэдэх боломжтой. Систем хэрэгжиж эхэлсний дараа бид тоон мэдээллээ илүү нарийвчлалтай гаргаж авна гэж бодож байна.

-Хамрагдахгүй СӨХ-үүддээ хариуцлага тооцож байгаа юу?

-Хогтой холбоотой арга хэмжээ, шийтгэл торгуулиуд “Зөрчлийн тухай хууль”-аар зохицуулагддаг. Тиймээс хариуцлага тооцохдоо мэргэжлийн хяналтын байцаагчаас прокурорт хэрэг нь шийдэгддэг. Монгол Улс залуусын хот учраас бид залуу үеэ мэдлэгжүүлэх, цэнэгжүүлэх контент бэлдэхийг хичээдэг. Сургууль бүрт эко клуб ажиллуулан, мэдээллээ хүргэж байгаа.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

2020.6.26  БААСАН № 124 (6349)