Б.ТӨГС

Коронавирусын эдийн засагт үзүүлэх хямрал улам гүнзгийрч байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд онцолж анхааруулсаар байна. 
Хөл хорионы улмаас дийлэнх улсын эдийн засаг II улиралд агшихаар тооцоолж байна.Европын Төв банк л гэхэд тивийн эдийн засаг энэ онд 8.7 хувиар агшина гэж тооцоолжээ. АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчид хэдэн саяар нэмэгдсээр байна. Дэлхийн банк хөгжсөн орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүнзгий уналттай нүүр тулах хүлээлттэй байгаа бол, хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцлов. Хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ. Дэлхийн улс орнуудын 90 хувь орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна. 
Энэ хямрал бизнес эрхлэгчдэд илүүтэй хүндээр тусч байгаа тул улс орнууд компани, аж ахуйн нэгжүүд болон, жижиг, том гэж ялгалгүй бүх бизнес эрхлэгчиддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна. Учир нь ажлын байр гэдэг улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур байдаг учраас ямар ч нөхцөлд ажлын байрны тоог хадгалж үлдэхийн төлөө тэмцэх ёстойг сануулсаар. Тухайлбал, халдварын анхны голомт болсон БНХАУ-д Засгийн газар нь бизнест олгох зээлийн урсгалыг тасалдуулахгүй байх бодлого хэрэгжүүлж, арилжааны банкууд энэ хэцүү цаг үед ашиг харахгүйгээр хямд өртөгтэй зээл олгохыг үүрэгдсэн. Энэ дагуу тус улсын банкууд цар тахал дэгдсэнээс хойш 3.9 их наяд юань буюу 551 тэрбум ам.долларын зээлд хөнгөлөлт үзүүлээд байна. 
Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон 800 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 1.44 их наяд юанийн зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг, 65.4 тэрбум юанийн хүүгийн төлбөрийг хойшлуулсан байна. Бусад улс орнууд ч бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах чиглэлд Засгийн газраас нь түлхүү анхаарч байна. 

Манай улсад 10 компанийн долоогийнх нь байдал хүндрээд байна

Зарим улс оронд халдварын эрсдэлийг тоохгүйгээр эдийн засгаа дэмжиж, дампуурлын ирмэгт байгаа компаниудаа аврахын тулд үүд хаалгаа хэдийнэ нээгээд эхэлсэн байна. Зөвхөн манайд ч биш дэлхий даяар хүнд байдалд орсон аялал жуулчлалын салбар ч гэсэн багахан сэргэх, идэвхжих хандлага ажиглагдаж эхэллээ. 
Харин манайд цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хөл хорионы дэглэмтэй байна. Энэ хугацаанд Засгийн газраас санхүүгийн хүндрэлийг дэмжих зорилгоор тодорхой бодлогууд хэрэгжүүлж байгаа боловч яг ажил олгогчдод зориулсан тодорхой арга хэмжээ одоогоор аваагүй байна. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс дотооддоо халдвар алдаагүй байхад ингэж бүгдийг нь хааж хорих нь оновчтой эсэхийг асууж, эсэргүүцэж байгаа юм.
МҮХАҮТ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Монголд бизнес эрхлэгч 10 аж ахуйн нэгжийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байна. Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн ч байж магадгүй.  Тус байгууллагаас хийсэн эхний судалгаагаар нийт компаниудын  57 хувь нь цар тахлаас болж үйл ажиллагаа нь хүндэрсэн байсан бол хоёр дахь судалгаагаар 67, сүүлийнхээр 73 хувь болж өссөн байна. Сонгууль дуусахтай зэрэгцэн долдугаар сард олон асуудалтай нүүр тулж болзошгүй байгааг судалгаа харуулжээ. Тиймээс сонгуулийн дараа даруй арга хэмжээ авах, ялангуяа бизнес эрхлэгчдийг яаралтай дэмжихгүй бол асуудал нэн хүнд байдалд орж болзошгүй байна. 
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь нь тэг зогсолт хийсэн байгаа. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байгаа бол мэдээлэл холбооны салбарт хямрал хамгийн бага нөлөөлж байгаа аж. Харин иргэдийн хувьд 68 хувь нь санхүүгийн нөхцөл байдал нэлээд муудсан бол хувиараа бизнес эрхлэгчид болон зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч, цагийн ажилчид ихэнх нь ажилгүй болоод байна. 
Судалгаанд хамрагдагсдын 63 хувь нь орлого буурсан учир банкинд хандаж эргэлтийн хөрөнгийн зээл хүссэн ч зээл авах шаардлагууд нь өссөн учир тэдний 25 хувь нь л зээлд хамрагджээ. Гол асуудал үүнд л байгаа. Бизнес эрхлэгчид энэ хүнд цаг үеийг даван туулахад зээлийн бүтцийг өөрчилж, уян хатан бодлого баримтлахыг арилжааны банкуудаас хүссээр байна. Дэлхийн улс орнуудын хандлага чиглэл ч ийм байгааг дээр дурдсан. Хэрэв ажил олгогчдын өнөөдрийн хэмжээнд барьж байгаа тэсвэр, тэвчээр эцэстээ хүрвэл эдийн засаг дахиад хэдэн хувиар агшиж, ажлаасаа халагдсан, орлогогүй болсон хүмүүсийн тоо улам өссөөр байх нь тодорхой. 


Олон улсын байгууллагуудын дэмжлэг хэнд очих вэ?


Цар тахлын үед манай улсад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж багагүй ирж байна. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгохоор болсон. Цар тахлаас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулна гэж байгаа ч бизнес эрхлэгчдийн хүндрэлийг даван туулахад хэдэн хувь нь зарцуулагдах талаар тодорхой мэдээлэл алга байна. Мөн Азийн хөгжлийн банк “COVID-19” цар тахлын Монгол Улсын нийгэм, эдийн засагт, ялангуяа хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. “COVID-19-өөс үүдэн иргэд ажлын байраа алдаж, орлого нь багасаж байгаагийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ядуу, эмзэг бүлгийн хүн амд илүү сөргөөр нөлөөлнө” гэж Азийн хөгжлийн банкнаас үзэж энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. 
Харин Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс  онцгой байдлын үеийн хөнгөлөлт ба хөдөлмөр эрхлэлтийн төсөлд зориулан Олон улсын хөгжлийн ассоциациас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор баталсан. Энэ төслийн зориулалт нь дэлхийн улс орнуудын бизнес эрхлэгчдээ санхүүгийн хүндрэлээс аврахын тулд хэрэгжүүлж байгаа гол ажлуудтай чиглэл нэг байна. Тухайлбал, бичил бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, бизнесээ өргөжүүлэх болон өргөжүүлэхэд туслах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, мөн ажил хайгчдад үр дүнтэйгээр ажил олоход нь туслах зэрэг үйл ажиллагаанд зарцуулагдах аж. 
Ямартай ч зургаан сарын турш бүсээ чангалж, өдийг хүртэл тэвчиж ирсэн бизнес эрхлэгчдийн байдал одоо сараар биш өдөр хоногоор яригдах хэмжээнд хүндэрч байна. 2020 оны УИХ-ын сонгуульд бүх нийтээр анхаарал хандуулсан энэ өдрүүдийн араас маш том хямралтай нүүр тулах нь ойлгомжтой боллоо. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2020.6.25 № 123 (6348)