-Судалгааны дүн ингэж гарч байгааг ОУСК зургадугаар сарын 23-нд мэдээлжээ-

Олон улсын санхүүгийн корпорацийн (ОУСК) дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж буй Олон улсын тогтвортой санхүүгийн банкуудын холбооноос (Sustainable Banking Network) гаргасан шинэ судалгаанд тэмдэглэснээр Бангладеш, Монгол болон Непал улсууд санхүүгийн салбараа тогтвортой санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэх замаар цааш хөгжүүлэхэд ногоон санхүү маш чухал, нэн тэргүүний зорилт байх болно хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү “Шаардлагатай амбиц: Бага орлоготой улс орнууд тогтвортой санхүүгийн тогтолцоог ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, мөн бусад чухал бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж байгаа тухай <https://www.ifc.org/wps/wcm/connect/topics_ext_content/ifc_external_corporate_site/sustainability-at-ifc/company-resources/sustainable-finance/sbn_2020ida>” хэмээх судалгааны тайланд эдгээр улс орнууд нь уур амьсгал, агаар болон хөрсний бохирдол, биологийн төрөл зүйлийн алдагдал, нийгмийн тэгш бус байдал зэргээс үүдэлтэй яаралтай шийдвэрлэвэл зохих олон ноцтой үр дагаваруудтай тулгарч байгаа талаар дурджээ.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд, Ази тивд Бангладеш болон Монгол зэрэг улс орнууд, ногоон санхүү, ялангуяа ногоон бонд, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үйл явцыг дэмжихэд гол анхаарлаа хандуулж байна. Непал улсыг оруулаад эдгээр орнууд нь зах зээлийн эрсдэлийг бууруулах, ногоон санхүүгийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний замын зураг баримт бичгийг боловсруулан ажиллаж байна.

“Ази болон номхон далайн бүс нутгийн бага орлоготой орнуудад Ковид19 цар тахал сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед ирээдүйд эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэхийн тулд улс орнууд тогтвортой санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэн хөгжүүлэх нь улам чухал болж байна” гэж Олон улсын санхүүгийн корпорацийн Ази болон номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Нена Стойлжкович хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Уг тайланд Азийн улс орнууд өөрсдийн ирээдүйн хөгжлийг төлөвлөхдөө тогтвортой санхүүгийн тогтолцоо болон байгаль орчинд ээлтэй, ногоон загварыг тууштайгаар сонгож байна” гэсэн байна.

Монголын Тогтвортой санхүүгийн холбооны өмнөх гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, мөн Олон улсын тогтвортой санхүүгийн банкуудын холбооны Бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Б.Найдалаа “Таван жилийн өмнөхтэй харьцуулахад банкууд байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой болзошгүй эрсдэлийг удирдаж байгаа байдал маш их өөрчлөгдсөн болохыг батлах олон эерэг баталгаанууд байна” хэмээн хэлжээ.

Ногоон санхүүгээс гадна уг тайланд Азийн гурван улс тогтвортой санхүүгийн тогтолцоог жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд хэрхэн ашиглаж болохыг идэвхтэйгээр судалж байгаа талаар мөн дурдсан байна.

“Хог хаягдыг багасгаж, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн загварыг хөгжүүлэхийг зорилгоо болгож байгаа нөхцөлд нөөцийн хэмнэлт гэдэг нь маш чухал ойлголт байдаг. Иймд, тогтвортой санхүүгийн тогтолцоо нь ядуурлыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой” гэж Бангладеш улсын Төв банкны Тогтвортой санхүүгийн газрын Дэд дарга Асиф Игбал хэлсэн байна.

Мөн Непал улсын Төв банкны Гүйцэтгэх захирал Кумар Дакал хэлэхдээ “Аливаа улс өөрийн санхүүгийн салбарыг илүү сайн, тогтвортой байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа бол тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэн, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн онд Олон улсын санхүүгийн корпорациас Ази болон номхон далайн бүс нутагт гаргасан ногоон бондын нийт хэмжээ 1 тэрбум ам.доллараас давж гарсан бөгөөд бондын хөрөнгийг дэлхийн хамгийн эмзэг, ядуу улс орнууд дах байгаль орчин, нийгмийн бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд зарцуулж байна. Мөн өнгөрсөн сард Монгол улсад ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци нь Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны Санамж бичиг зурсан байна.

Олон улсын тогтвортой санхүүгийн банкуудын холбооны (Sustainable Banking Network) тухай

Олон улсын тогтвортой санхүүгийн банкуудын холбоо нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон салбарын холбоодуудыг эгнээндээ нэгтгэсэн, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын холбоо юм. Өөрийн гишүүн орнуудын зах зээлд тогтвортой санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой олон улсын хамгийн анхны холбоо болох Олон улсын тогтвортой санхүүгийн банкуудын холбоо нь 39 гишүүн орнуудтай бөгөөд эдгээр улс орнууд дах санхүүгийн салбарын нийт хөрөнгө 43 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь хөгжиж буй орнууд дах санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 86 хувьтай тэнцэх юм. Холбооны гишүүн орнууд нь өөрсдийн санхүүгийн салбартаа тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх ингэснээр байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийг илүү сайн удирддаг болох мөн уур амьсгал, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хөтөлбөр, бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн санхүүгийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой болно. Олон улсын санхүүгийн корпораци нь энэхүү холбоотой нарийн бичиг, техникийн хамтрагч байдлаар ажилладаг ба гишүүн орнуудад мэдлэг мэдээлэл хуваалцах, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org/sbn<http://www.ifc.org/sbn холбоосоор орж үзэх боломжтой.

 

Олон улсын санхүүгийн корпорацийн тухай

Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид, дэлхий дахинд 100 гаруй орнуудтай, хэрэгцээ шаардлагатай газруудад зах зээл, боломжийг бий болгохын төлөө өөрийн капитал, мэдлэг туршлага, нөлөөг ашиглан хамтран ажилладаг. 2019 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудад, хувийн хэвшлийн хүчин чадал, нөөц бололцоонд тулгуурлан ядуурлыг бууруулах, хамтын цэцэглэлт хөгжилийг бий болгохын тулд нийтдээ 19 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүжилт олгон ажилласан байна.