Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Цөлжилт, хуурайшилттай тэмцэх Дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан юм. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбоотойгоор уг өдрийг бий болгожээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон. Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1818.6.17. Парисын зураачийн хүү, консерваторыг дүүргэгч, хөгжмийн зохиолч Шарль Гуно төржээ. Авъяаслаг ая зохиогч, хөгжмийн хөргийг бүтээгч тэрээр хөгжмийн түүхэнд уянгалаг дуурь зохиогч гэдгээр оржээ.Тэрээр “Фауст”, “Мирейль”, “Ромео,Жульетта” зэрэг дуурь, 140 гаруй романс дууны аяыг зохиожээ.
1885.6.17. Нью-Йорк хотын боомтод Америкийн ард түмэнд Францын ард түмний бэлэглэсэн Эрх чөлөөний хөшөөг ачсан "Изере" уурын хөлөг онгоц хүрэлцэн ирэв. Түүнийг зөөхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон зүсээд 214 хайрагт хийсэн байв.
1937.6.17. Массачусетс мужийн Кембриж хотод Эдвин Лэнд оптикийн техник үйлдвэрлэгч "Polaroid Corporation" компанийг үүсгэн байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лэндийн зохиосон техникийн эрэлт өндөр байлаа. Лэнд армийн оптик: шөнийн харах төхөөрөмж, шумбадаг онгоцны дуран, дурангуудыг бэлтгэж байв.Гэрэл зургийн авалт ба зураг гаргах ажиллагааг нэгтгэсэн гэрэл зургийн аппарат бүтээхээр Лэнд 1946 оноос ажиллаж эхлээд жилийн дараа бүх процесс нь 60 секундад хийгддэг фото аппаратыг бүтээжээ.1948 оны арваннэгдүгээр сард Бостоны их дэлгүүрт арилжааны зориулалтын "Polaroid Land-95" модель гарч ирэв. Үнэ нь 90 доллар байсан аппаратын эхний хэсэг тэр даруйдаа зарагдсан байлаа. 1963 онд "Полароид" “агшин зуурын” өнгөт зургийн аппарат гаргав.Эдвин Лэнд 1970 оны зургаадугаар сарын 17-нд халаасын бүрэн автомат "Polaroid SX 70" аппаратад патент авлаа. Хоёр жилийн дараа аппарат худалдагдаж эхэлжээ.
1972.6.17. Америкийн цагдаагийн байгууллага “Уотергейт” зочид буудалд байрладаг Ардчилсан намын төв штабт сонсох төхөөрөмж тавьсан таван этгээдийг баривчилжээ. Үүний дараа гарсан хэл ам Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалааса огцороход хүргэжээ.
Эх сурвалж www.zms.mn