Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Африкийн эв санааны нэгдлийн байгууллагын санаачлагаар Африкийн хүүхдийн олон улсын өдрийг тэмдэглэж байна. Хамгийн анх энэ баярыг 1991 онд тэмдэглэжээ. Энэ тэмдэглэлт баярыг Йоханнесбургийн харуудын Соуэто дүүргийн сургуульд залуусын гаргасан бослогод зориулан бий болгожээ. Сургуулийн байр сууц муу, багш нарын бэлтгэл тааруу, хар цагаанаар нь тусгаарлан сургаж байсан зэрэг нь 1976 онд зэвсэгт бослого гаргахад хүргэсэн байна. Цагдаа нартай мөргөлдөөн гарах үеэр 700 хүн алагдсан байв. Энэ өдрийг ажлын бус өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болжээ. Харин манай улсын хувьд Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаар Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний компанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1903.6.16. Америкийн залуу инженер Генри Форд санхүүчдийн дэмжлэгийг аваад “Форд мотор компани” гэсэн өөрийн компанийг байгуулжээ. Эхлээд компани хоёр, дөрөв хожим зургаан цилиндрийн хөдөлгүүртэй «А», «В», «С», «F», «К», «N», «R» гэсэн долоон загварын машиныг бүтээсэн байна.Тэрээр 1908 онд “Т” загварын машинаа нийтэд зорулан үйлдвэрлэж эхлэхэд нь үнэ нь 825 ам.доллар байв. Уг машины үнэ 1913 онд 375 ам.доллар хүртэл буусан байлаа.
1963.6.16. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова сансрын “Восток-6” хөлгөөр сансарт нисэв. Нислэгийн үеэр бөөлжис нь зутгаж, бие нь тавгүй байсан ч Терешкова дэлхийг 48 удаа тойрон нисчээ. Түүний дараа 19 жилийн хойно хоёр дахь эмэгтэй хүн сансарт ниссэн байна.
Эх сурвалж www.zms.mn