Д.Намуунцэцэг

Энэ долоо хоногт 32 хэм хүртэл халах талаар ЦУОШГ-аас сэрэмжүүлсэн.  Тиймээс НЭМХ-гийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Өлзиймөнхийн наршихаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

            Тэрээр “Халууны улирал эхэлж байна. Тиймээс даралт ихтэй, өндөр настай хүн, хүүхэд багачууд гэрээс гарахдаа анхаараарай.  Мөн ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс наршихдаа амархан байдаг.  Тэгэхээр нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, хар өнгөтэй хувцас өмсөхгүй байх, шингэн ус сайн хэрэглэх нь чухал.  Мөн зуны улиралд автомашин  доторх хэм гадна орчныхоос 20-30 хэмээр илүү болдог тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй автомашин дотор орхихгүй байх хэрэгтэй гэлээ.  

Наршилтын үед илрэх шинж тэмдэг

-Бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэх ядрах, гүйлгэх, бөөлжих, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран цухалдах, дотор муухайрах, нүүр чинэрэн улайх зэрэг илэрнэ.  Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэн дуудах, сэрүүхэн нам газарт шилжүүлэн амаруулах, бүлээн шингэн уулгах, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэт халалтын үед жирэмсэн эмэгтэйчүүдийн авах арга хэмжээ:

-Цагаан болон цайвар өнгөтэй нимгэн, ханцуйтай хувцас өмсөх, нарны малгай өмсөх, шилэн хүзүүн дээрээ хүйтэн устай алчуур тавих хэрэгтэй.  Мөн нарны шил зүүх, хөлд эвтэйхэн намхан ултай углааш өмсөх, шүхэр авч явах нь чухал.  Өдрийн 11.00 -16.00 цагийн хооронд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, олон хүн цугласан газраас зайлсхийх хэрэгтэй.  

Хооллолт

-12 ба түүнээс дээш аяга усыг нэг дор биш балга балгаар уух, шинэ жимс, жимсгэнэ идэх, мах махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх хэрэгтэй.  Үзэм, нохойн хошуу, нэрс, зуун настын шүүс, тараг уух. Давс ихтэй хоол, хиам, бяслаг, утсан бүтээгдэхүүн шарсан төмс хэрэглэхгүй байх, амтлагчаас татгалзах, кофе, давс ихтэй цай уухгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэт халснаас үүдэн иргэд гол усруу амарч зугаалах тохиолдол ихсэж, гол усанд живэх гэх мэт олон эрсдэл үүсэх аюултай байдаг тул ард иргэд болгоомжтой явахыг анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn