Н.ДАЯН

Бөөрний аяганцар тэвшинцрийн үрэвсэлт өвчин нь өвөрмөц бус нянгаар үүсгэгддэг бөөрний аяганцар тэвшинцрийн салст бүрхэвч, завсрын эдийг гэмтээдэг үрэвсэлт өвчин юм. Манай улсын хүн амын дунд их тархсан өвчин бөгөөд бүх насныхан өвчилдөг талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Анхтуяа зөвлөж байна.

Шалтгаан нь олон төрлийн нянгаар үүсгэгддэг. Тухайлбал, шээсний замын саатал, жирэмслэлт, дархлаа дарангуйлах, шээсний замын багажийн шинжилгээний дараа, бөөрний халдварын бус өвчнөөр олон жил өвдөх нөлөөлдөг. Энэ өвчний үед ууц нуруу, хэвлийн дээд хэсгээр өвдөж энэ нь заримдаа халуун оргиж мэдэгдэнэ. Өвдөлт хавирганы нум, цавь, бэлэг эрхтэн рүү дамжиж өвдөнө. Ихэвчлэн өвчин эхэлснээс хойш шээсний өөрчлөлт илэрч шээсний хэмжээ ихэснэ. Ахимаг настай туранхай ядруу биетэй хүнд эмнэл зүйн шинж тэмдэг ихэвчлэн бүдэг цус багадах хордлогын шинжээр илэрдэг.

Бөөрний аяганцар тэвшинцрийн үрэвсэлт өвчний ерөнхий шинж нь халуурна, зүрхний цохилт түргэсч амьсгаадна, хэл хуурайшина, өнгөртөнө. Хоолонд дургүй болж бөөлжис цутган бүх бие өвдөнө, артерийн даралт ихсэнэ. Зарим тохиолдолд үжлийн шок болж биеийн байдал хүндрэн арьс цайж, судасны цохилт сулран, артерийн даралт буурч болно. Дахин халуурах нь бөөрөнд идээт үрэвсэл даамжирч байгааг илэрхийлнэ.

Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг, шээсэнд нян илрүүлэх шинжилгээ, рентген, хэт авиан шинжилгээ, радиоизотопийн шинжилгээгээр оношилно. Эмчилгээний хувьд тухайн өвчтөнд тохирсон дэглэм, хоол унд мөн үүсгэгчээс шалтгаалан тохирох антибиотикийг сонгох ба дур мэдэн олон төрлийн антибиотик хэрэглэснээс өвчин даамжран хүндрэх нь цөөнгүй байдаг. Мөн хоолны давс, шингэнийг тодорхой хэмжээнд хязгаарлана.

Өвчний хурц үе намдсан намжмал үед Жанчивлин, Хужирт, Шаргалжуут, Оргил рашаан сувилалд амрах хэрэгтэй. Рашааныг их ууснаар бөөр угаагдаж цэвэршинэ. Өвчилсний дараа нэгээс доошгүй жил эмчийн хяналтад байна.  Эмчийн хяналтад байхад нь эхний хоёр сард хоёр долоо хоногт нэг удаа, дараа нь 1-2 сард нэг удаа, долоон сар өнгөрсний дараа сэдрэхгүй бол зургаан сарын дараа ерөнхий шинжилгээнүүд өгч хянагдана. Өвчин бүрэн эдгэрэхгүй сэдэрч шинжилгээний өөрчлөлт засрахгүй бол гурван жил хяналтад байна.

Эх сурвалж www.polit.mn