Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 05-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж иржээ. Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд улс орон бүрийн анхаарлыг төвлөрүүлж тэмдэглэдэг байна. Энэ өдөр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Жил бүрийн Дэлхийн байгаль орчны өдрийг аль нэг улсын Засгийн газар манлайлж бусад орноо уриалдаг байна. Энэ уриалга нь дэлхийн долоон тэрбум хүний нэг хэсэг болсон гурван сая Монголчууд бидэнд ч нэгддэг. Монгол орны үзэсгэлэнт байгаль харьцангуй онгон дагшин хэвээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөллөөс тулгамдсан асуудлууд хуримтлагдаж байгаа нь байгаль эх дэлхийдээ ээлтэй хөгжлийн алхаанд хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Манай улс өнгөрсөн жилийн энэ өдрийг агаарын бохирдлын эсрэг тэмдэглэж байжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1783.06.05. Өнөөгөөс 227 жилийн өмнө Францын зохион бүтээгчид ах дүү Монгольфе өөрсдийн бүтээсэн агаарын бөмбөлгийг нисгэж үзүүллээ. Тэд маалинган дотортой цаасаар бөмбөрцгөө бүтээж, доод талд нь сүлжмэл сагс бэхэлсэн байлаа. Бөмбөрцгийн өндөр нь 15 метр, эзэлхүүн нь 2200 шоо метр байлаа. Сагсны дунд зуух тавин тэндээс халуун агаараар бөмбөрцгийг хөөргөжээ. Анхны нислэгээр хүн нисээгүй. Дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Пилатр де Розье ба Франсуад"Арланд гэсэн хоёр зоригтон тэдний бөмбөлгөөр бараг хагас цаг агаарт нисчээ.
1851.06.05. Вашингтон хотын “National Era” гэх долоо хоногийн сонин Гарриет Бичер-Стоугийн “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ. “Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа. Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Арван сарын дотор хэвлэгдсэн роман 1853 онд ном 300 мянган хувиар гарсан нь тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.
1967.06.05. Өглөөний есөн цагийн үед Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчнийг устган агаарт бүрэн ноёрхолоо тогтоосноор Израилийн Египет, Сири, Иорданд довтолсон зургаа хоногийн гэж нэрлэгдсэн дайн болжээ.
Эх сурвалж www.zms.mn