Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу энэ өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхитэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 гаруй "цэнхэр дуулгатан"-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байна. Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1176.05.29. Орчин үеийн Милан хотоос 30-аад км-ын зайтай Леньяно хотын дэргэд Хойд Италийг эзлэх эрмэлзэлтэй байсан Ариун Ромын эзэнт улсын I Фридрих Барбароссын цэргийг италичууд бут ниргэжээ. Италийн түүхийн энэ чухал үйл явдалд алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Верди нэгэн дууриа зориулж түүнийг “Леньяны тулалдаан” гэж нэрлэжээ.
1453.05.29. Гурав хоног дайрсны эцэст Туркийн султан II Мехмедын цэргүүд Константинополь хотын эзлэн христийн Византийн эзэнт улсын 1100 жилийн түүхийг цэглэжээ. Вазантийн хаан ХI Константин Палелог хотыг хамгаалагчдын дунд тулалдаж байгаад үрэгдсэнийг гутлаар нь таньсан байна. Султан түүний цогцсын толгойг таслан морин тойруулга дээр олонд харуулахаар өлгөж тавиад биеийг нь хүндэтгэл үзүүлэн оршуулжээ.
1900.05.29. Хамгийн анхны аюулгүй цахилгаан шатыг зохиогч Элиш Грейвс Отисын нэрээр нэрлэгдсэн “ОТИС” компани явган хүнд зориулсан өөрөө явагч шатнуудад ерөнхий нэр болсон “Эскалатор”-ын худалдааны тэмдгийг бүртгүүлжээ.
1953.05.29. Өнөөгөөс 57 жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр Жомолунгма Сагарматха, Эверест оргилд Шинэ Зеландын Эдмунд Хиллари, шерп үндэстэн Тэнциг Норгүй хоёр хөл тавьжээ. Жололунгма буюу “Дэлхийн эх” гэж төвдүүд, Сагарматха буюу “Дэлхийн эзэн” гэж балбууд нэрлэдэг дэлхийн хамгийн өндөр оргил нь Түвд ба Балбын хил залгаа нутагт байдаг. Түүний өндрийг далайн төвшнөөс 8848 м гэж анх Жорж Эверест тогтоосон учир бас түүнийг Эверест гэж нэрлэнэ. Хамгийн анх энэ оргилд гарсан хоёр тэнд Их Британи, Балба, Энэтхэг ба НҮБ-ын тугийг хатгасан байна.
2003.05.29. Америкийн хамгийн алдартай жүжигчний нэг Боб Хоуп 100 насныхаа ойг тэмдэглэв. Өөрийн урт удаан амьдралдаа тэрээр олон арван кинонд тоглон олон жил радио-шоуны хөтлөгч байв. Тэрээр 1000 шагнал, 50 хүндэт цол хүртсэн бөгөөд Америкийн 11 Ерөнхийлөгчтэй танил байв. Боб Хоуп 700 цэргийн бааз, эмнэлэгт зочлон барагцаалбал 100 мянган цэргийн өмнө тоглолт хийж байжээ. Үүнийхээ төлөө Боб Хоуп “АНУ-ын зэвсэгт хүчний хүндэт ахмад дайчин” цол авч байлаа.
Эх сурвалж www.zms.mn